
Вьетнамын эрх баригчид муур хулгайлж, худалдаалдаг гэж сэжиглэгдэж буй бүлэглэлийг илрүүлсний дараа нядалгаанд орох байсан 400 гаруй муурыг аварсан тухай амьтны эрх хамгаалах байгууллага мэдээлжээ.
Humane World for Animals байгууллагын мэдээлснээр энэ хэрэгтэй холбоотой есөн хүнийг баривчилсан байна.
Хо Шин Мин хотын цагдаагийн албан ёсны сонинд нийтэлснээр сэжигтнүүд нь “муур хулгайлж, цуглуулдаг гэмт бүлэглэл” байгуулан ажиллаж байжээ.
Цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Тай Нинх муж, Хо Ши Мин хотод хийсэн ажиллагааны үеэр 400 гаруй амьд муур, мөсөнд хийн хадгалсан 80 орчим үхсэн муур илрүүлсэн байна. Үүнээс гадна өөр нэг байршлаас 21 муур хураан авчээ.
Вьетнамд нохой, муурны мах хэрэглэх нь хууль ёсны хэвээр байдаг ч худалдаачид амьтдын гарал үүслийг батлах зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр цагдаа нар Хо Ши Мин хотод гэрийн тэжээвэр амьтан хулгайлагдсан олон тохиолдлыг шалгасны эцэст зургадугаар сарын 11-нд уг бүлэглэлийг илрүүлжээ.
Мөрдөн шалгалтаар сэжигтнүүд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Вьетнамын өмнөд бүс нутгаар муур барьж, цуглуулдаг байсан нь тогтоогдсон байна. Тэд хулгайлсан муурнуудаа түр хадгалах газарт хүргэж, дараа нь наймаачдад зардаг байсан гэж мөрдөгчид үзэж байна.
Аврагдсан муурнуудаас ойролцоогоор 40 нь эзэдтэйгээ дахин уулзжээ.
Humane World for Animals байгууллага орон нутгийн эрх баригчдын “олон амьтны амийг аварсан шийдэмгий ажиллагаа”-г сайшаасан ч зарим муур туулсан зовлонгийнхоо улмаас дараа нь үхсэн гэж мэдээлсэн байна.
Мөн мөрдөн шалгалт үргэлжилж байгаа тул нотлох баримтын журмаар цагдаагийн хамгаалалтад байгаа амьтдад хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлс нийлүүлж байгаагаа мэдэгджээ.
Цагдаа нар гэрийн тэжээвэр амьтан нь хулгайлагдсан байж болзошгүй гэж үзэж буй иргэдийг ирж, аврагдсан амьтдыг танихад туслахыг уриалсан байна. Мөрдөн шалгалт үргэлжилж буй аж.
Humane World for Animals байгууллагын тооцоолсноор Вьетнамд жил бүр ойролцоогоор таван сая нохой, нэг сая муур баригдаж, хулгайлагдаж, хууль бусаар тээвэрлэгдэн махны зориулалтаар нядлагддаг гэнэ.
Тус байгууллагын мэдээлснээр гэрийн тэжээвэр амьтдыг ихэвчлэн гэрээс нь хулгайлдаг. Ингэхдээ маш харгис аргаар буюу нохойг хордуулсан өгөөш, цахилгаан бороохой, төмөр хавчаар ашиглан барьдаг бол муурыг пүрштэй урхиар агнадаг байна.
Нохой, муурны мах хэрэглэх явдал Вьетнамд Азийн бусад олон улсаас түгээмэл хэвээр байгаа ч иргэдийн хандлага өөрчлөгдөж байгааг амьтны эрхийн байгууллагууд онцолжээ.
2023 онд Humane World for Animals байгууллагын захиалгаар хийсэн судалгаагаар ялангуяа залуучууд болон гэрийн тэжээвэр амьтан өсгөдөг хүмүүсийн дунд нохой, муурны махны худалдааг хориглохыг дэмжих хандлага нэмэгдсэн гэсэн дүн гарчээ.