
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-г зохион байгуулах бэлтгэл ажлыг холбогдох албаныхан ханган ажиллаж байна. Хурлын зохион байгуулалтын бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд наймдугаар сарын 28-ны өдрийг хүртэл зохицуулалт хийхээр боллоо. Тогтоосон хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах бөгөөд есдүгээр сарын 01-нээс эхлэн танхимын сургалт хэвийн явуулахаар болжээ.
Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд сургалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна. Үүнд:
• Цэцэрлэг, сургууль дээр бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй;
• Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна;
• Багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ;
• Сургалтыг шаардлагатай үед цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангана;
• Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулах зохион байгуулалтыг хийнэ;
• Эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлж, хүүхэд хүргэх, авах автомашины хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авна.

