
Зохиолч Г.Аюурзанын “Шүгдэн” роман Японд хэвлэгджээ. Тус романыг утга зохиолч судлаач, Монголын уран зохиолыг өөрийн улсад сурталчлах чиглэлд олон жил идэвхтэй ажиллаж буй Абирү Михо япон хэлнээ орчуулсан байна.
Харин "Азийн утга зохиолын номын сан" цувралын 9 дэх боть болж буй эл романы редактораар Араки Шүн ажиллаж, хавтасны зураг, дизайны, Сано Юяа бүтээсэн аж.
Японы Камакүрад төвтэй "Shunjusha" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан уг романыг номын дэлгүүрүүд энэ сарын 15-наас эхлэн борлуулахаар болжээ. Эл бүтээл нь япон хэлнээ орчуулагдаж буй анхны монгол роман болж байна. Ташрамд дурдахад, Г.Аюурзаны "Бөөгийн домог" роман нь орос, франц, серб хэлээр, "Тэнгэрийн судар" бүтээл нь казах хэлнээ орчуулагдсан юм.