
Трамп Operation Epic Fury ажиллагааг гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд зогсоосноос хойш зургаан долоо хоног өнгөрсөн ч дайныг дуусгах яриа хэлэлцээнд төдийлөн ахиц гараагүй байна. Энэ долоо хоногт тэрээр дахин довтолгоо хийх тушаал өгөхөд тун ойр байсан ч хэлэлцээнд хугацаа өгөхийн тулд түр азнасан гэж мэдэгджээ.
“Бид Ираны асуудлын эцсийн шатанд байна. Юу болохыг харъя. Эсвэл тохиролцоо хийнэ, эсвэл бид бага зэрэг таагүй зүйл хийх болно. Гэхдээ тийм зүйл болохгүй гэж найдаж байна. Маш олон хүн амиа алдахаас илүү цөөн хүн амь үрэгдэхийг би хүсэж байна. Бид аль ч хувилбараар хийж чадна” гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн байна.
Дараа нь Нэгдсэн улсын эргийн хамгаалалтын академид айлчилж үг хэлэхдээ Трамп “Бид тэдэнд маш хүчтэй цохилт өгөх шаардлагатай болж магадгүй... Магадгүй үгүй ч байж болох юм” хэмээн давтан мэдэгдэж, Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ.
Харин Ираны тал Трампыг дайныг дахин эхлүүлэхээр төлөвлөж байна гэж буруутгаж, шинэ цохилт өгвөл Ойрхи Дорнодоос давсан бүс нутгийн хэмжээний хариу довтолгоо хийнэ гэж сүрдүүлсэн байна.
Исламын хувьсгалт гварди хариу мэдэгдэлдээ “Ираны эсрэг түрэмгийлэл дахин давтагдвал дайн энэ удаа бүс нутгаас давна” гэжээ.
Ираны парламентын дарга, энхийн хэлэлцээний ахлах төлөөлөгч Мохаммад Бакер Калибаф нийгмийн сүлжээнд нийтэлсэн аудио мэдэгдэлдээ “дайсны ил болон далд хөдөлгөөнүүд” америкчууд шинэ довтолгоонд бэлтгэж байгааг харуулж байна гэж мэдэгдсэн байна.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмайл Багэи АНУ Ираны усан онгоцуудын эсрэг “далайн дээрэм”-ээ зогсоох ёстой гэж мэдэгдсэн нь Ираны боомтуудын эсрэг АНУ-ын бүслэлтийг хэлсэн хэрэг байв. “Сүүлийн нэг жил хагасын хугацаанд нөгөө талын сөрөг үйлдлүүд байсан ч Иран хэлэлцээний замаа нухацтай, шударгаар үргэлжлүүлж байна. Гэхдээ Америкийн үйл ажиллагаанд хүчтэй бөгөөд үндэслэлтэй эргэлзээ бий” гэж Багэи хэлжээ.
Энхийн хэлэлцээний шинэ оролдлогын хүрээнд өмнө нь цорын ганц энхийн уулзалтыг зохион байгуулсан Пакистаны Дотоод хэргийн сайд лхагва гарагт Техранд айлчилсан.
Багэигийн хэлснээр, Вашингтон болон Техран Пакистаны зуучлалаар мессеж солилцсоор байгаа аж. Иран энэ долоо хоногт АНУ-д шинэ санал хүргүүлсэн бөгөөд түүнд Ормузын хоолойн хяналт, дайны хохирлын нөхөн төлбөр, хориг арга хэмжээг цуцлах, царцаасан хөрөнгийг суллах, АНУ-ын цэргийг бүс нутгаас гаргах зэрэг өмнө нь Трампын няцаасан шаардлагууд багтаж буй.
Трамп энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн цохилтуудаа Ираны хөрш Персийн булангийн хэд хэдэн орны хүсэлтээр эцсийн мөчид цуцалсан гэж мэдэгдсэн байна. Мягмар гарагт тэрээр цохилт өгөх тушаал гаргах гэж байсан хэмээн хэлжээ.
Нийт 4 сая баррель газрын тос тээвэрлэсэн Хятадын хоёр аварга танкер лхагва гарагт хоолойг гаталжээ. Трамп Бээжинд айлчилж байх үед Иран Хятадын усан онгоцуудад тавих хязгаарлалтаа зөөлрүүлэхээр тохиролцсон гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд тус улсын нэг танкер Ирантай хамтран Ормузын хоолойг гаталж байгааг мэдэгджээ.
Тээврийн хяналтын Lloyd's List-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт дор хаяж 54 хөлөг онгоц хоолойг нэвтэрсэн нь өмнөх долоо хоногоос хоёр дахин их үзүүлэлт аж. Иран сүүлийн 24 цагийн дотор 26 усан онгоц гарсан гэж мэдэгдсэн ч энэ нь дайнаас өмнөх өдөрт 140 онгоцтой харьцуулахад бага хэвээр байна.
Арваннэгдүгээр сард болох Конгрессын сонгуулийн өмнө эрчим хүчний үнэ өсөж байгаа нь Трамп болон Бүгд найрамдах намд дарамт болж байгаа учир дайныг зогсоох шахалт нэмэгдэж байна. Гал зогсоох хэлэлцээрээс хойш Трампын мэдэгдлүүд бөмбөгдөлтөө сэргээх сүрдүүлэг болон хэлэлцээр ойрхон байгаа гэх мэдэгдлийн хооронд савлаж байгаа нь газрын тосны үнийг тогтворгүй болгожээ.
Нэг сарын хугацаатай Brent төрлийн газрын тосны фьючерс үнэ лхагва гаргийн орой баррель нь 105.76 ам.доллар болж, хэлэлцээр байгуулагдах найдвар сэргэснээр өдрийн дүнгээр 4.95 хувиар буурсан байна.
“Вашингтон болон Техран үнэхээр нийтлэг ойлголцолд хүрч энхийн хэлэлцээр байгуулж чадах эсэхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Учир нь АНУ-ын байр суурь өдөр бүр өөрчлөгдөж байна” гэж Тошитака Тазава хэлжээ.