
Монгол хүнд сайн санаж бурууг нь ухуулахаар зөрж мунхагладаг зантай. Үүнийг үхэр Монгол зан гэнэ.
Уучлаарай, гэхдээ л үхэр зан! Учир нь үхэр таван хошуу мал дотроо хамгийн зөрүүд нь. Арал тэрэгт нэг л орохгүй гээд зүтгэчихвэл яаж ч жанчаад болдоггүй гэж малчид хэлэлцдэг. Зөрүүдлээд бэлчээрээсээ ирэхгүй, бух нь айлын үнээ дагаад алга болчихдог тухай бишгүй явдал бий.
Уг нь ч зөрүүдлээд нэг босвол дэлхийг хөмөрчихөж мэдэх хөх толботой үр сад гэж утга, уран зохиолд энэ чанарыг бишгүй л дүрсэлж, шүлэглэсэн байдаг. Их гүрнийхээ түүхтэй харьцуулахад өчүүхэн жижиг Монгол тэсэж үлдсэнээ өдгөө ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа зөрүүд зангийн хэтийдсэн уянга нь тэр л дээ.
Харин энэ зан нь өдгөө амь насанд цөвтэй болж хувирав. Онцгой байдлын газраас байгалийн онц аюултай үзэгдэл болно гэж анхааруулах тусам л хол замд гарна. Хэвлэлийг цаазалж буй технологийн хөгжлийн хурдад сөхөрчихөлгүй үлдсэн хэдэн сониныхоо арын нүүрэнд нийтэлж, сайтууд нь удаа дараалан мэдээлээд ч нэмэргүй. Дээр нь замд гарахаар бол аюулгүй байдлаа хангаж явахыг үргэлж зөвлөх боловч түүнийг нь дагаж сүржигнээд яах вэ гэж боддог бололтой. Одоо шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлсэн дохиог долоо хоног бүр анхааруулсаар л байна. Хэн ч энэ талаар тоож байгаа юм алга. Малчид хүн малын зоо тэнийлээ хэмээн баясаж, иргэншилд дадсан хэд нь бууриа сахин суудаг уламжлалаа дээдлэн үерийн аман дээр гэрээ барьчихаад хөдлөхгүй хэвээрээ. Дайраад ирсэн гайг хүн гэгч амьтан аргалаад тойрчихдог юм аа гэхэд байгалийн өмнө бол бүгд хүчин мөхөс. Гагц монголчууд л зөрүүдэлсэн хэвээр.
Монголчуудын суурин иргэншилд дадсан түүх бусад орнуудтай харьцуулахад тун өчүүхэн. Талын нүүдэлчид харин аливааг хурдан сурдаг, дасан зохицдог онцгой чанартай учраас энэ тал дээр харьцангуй хурдан суралцаж, дэвшиж байгаа. Гэвч зуухан жилийн өмнө хүн малгүй нүүдэллэж явсан улс хол замд гарах дуртай хэвээр. Аян замын гудас эвхэж насны хоногоо элээхийг ер хүн бүр хүсдэг байж мэднэ. Гэвч өвлийн улиралд шуурганы улмаас зам, даваа хаагдаж, зун үер борооны шалтгаанаар газрын хөрс эвдэгддэг. Хамгийн гол нь яг тэр үеэр замд явж таарсан хүмүүсийн амь нас эндсэн талаар харамсалтай мэдээнүүд хөврөх нь бий. Анзаараад байхад уулын чулууд өөрөө сугараад өнхөрдөггүй шиг болзоогүй ирдэг байгалийн үзэгдэл өнөө цагт ховор болсон. Учир нь цаг уур, орчин шинжилгээний газраас хэд хоногийн өмнөөс л анхаарал, болгоомжтой зорчихыг сануулдаг.
Үер усны аюул ч ялгаагүй. Зуны улирал айлчлах сургаар л манайхан майхан саваа ачаад байгалийн сайхныг зорин давхицгаадаг. 2025 оны долоодугаар сарын дундуур гэхэд л усны ослоор 16 хүн амиа алдсан. Түүний өмнөх онд 74 хүн усанд эндэж амиа алдсаны 14 нь хүүхэд байсан. Өр нимгэн гэх монголчуудын нулимс нүднийхээ аянганд сул асгармаар гашуун мэдээ. Гэтэл бүгд л үер усны сэрэмжлүүлгийг үл хайхран томоохон нуур, голын эрэгт майхнаа бариад тухалж хэвтэцгээдэг. Ёстой л сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэр. Аюулын сэрэмжлүүлгийг үл анхаарсны горыг үр хүүхэд, анд найз, аав ээж, амраг ханийхаа алтан амийг эрсдүүлж амсана.
Өнөөгийн хүмүүсийн нийтлэг ойлголт, хэллэгээр бол “гайгүй дээ, яав л гэж, сүржигнээд яах вэ” зэрэг үгс ийм аюултай гайг дууддаг. Үнэндээ бол хайхрамжгүй зангаасаа болж дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөнгүй энх тайван орон атлаа үр хүүхдээ хүртэл цаг бусаар алддаг орон манайхаас өөр байхгүй биз ээ.
Өдгөө долоо хоног бүр Онцгой байдлын албанд хамгийн их бүртгэгддэг дуудлага бол гал түймрийнх. Ихэвчлэн ахуйн осолтой холбоотой байсан бол саяхнаас Архангай, Хэнтий аймгуудад ой, хээрийн түймэр гарсан. Галын аюултай нөхцөл үүдсэн шалтгааны ихэнх нь хүний хайхрамж, болгоомжгүй зантай холбоотой байдаг. Хөдөө хээр татсан тамхи, шатаасан эд материалынхаа гал хөсийг гүйцэд унтраагаагүйгээс үүдэж бэлчээр нутаг түймэрт өртөж, эд хөрөнгөөрөө хохирцгоодог. Ноднин жил Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Улаангом зах” шатсан харамсалтай явдал болсон. Олон арван түрээслэгчид эд хөрөнгө, эдийн засгийн асар их хохирол амссан. Шалтгаан нь цахилгааны масс гэж тогтоогдсон. Магад тухайн барилгын цахилгааны асуудлыг эрхэлсэн компанитай холбоотой байж болох ч хардах эрх гэж бий. Ерөөс томоохон худалдааны төвийн лангуу эрхлэгчид болохгүйг нь мэдсээр байж шинээр утас татаж, аливаа хүчдэлийн заасан хэмжээг давуулан ачааллуулдаг. Ар гэрт нь масстай залгуур байсаар буйг мэдсээр атал нэг л өдөр гал хиншүү үнэртүүлж, гал авалцан шатах хүртэл нь тоодоггүй. Тэгээд ч аль аль нь буруутай байлаа гэхэд үнэндээ хүн гэх ухамсарт бодьгалын л үйлдлээс хамаарна
Харин бид өөрсдөөсөө бурууг үл хайна. Бүх юманд төр буруутай. Төрөөс халамж горьдож, түүнийгээ ахиулах хүсэлтэй санаа амгалан хэвтдэг шигээ өр төлбөрөө барагдуулахыг хүснэ. Нулимс урсган байж камерын өмнө зовлонгоо тоочно. Хаа, хаанаа болгоомжтой, сэрэмжтэй байх аваас элдэв гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мэдэх атал хэрэгжүүлдэггүй. Бусдын анхааруулгыг үл тоосныхоо бурууг бусдаас эрдэг зантай хохирогчид “нэхэмжлэх” гаргаж төрөөс мөнгө хүсдэг. Эцэстээ тэр нь өөрсдийнх нь болоод үр хүүхдийнх нь халааснаас гарах татварын хөрөнгө.
Үргэлжлүүлэн нуршихад манайхан хөл дээрээ тэнцэхгүй болтлоо өвдөөгүй л бол эрүүл мэнддээ анхаардаггүй. Магад урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн амьдралынх нь хэмнэл, хангалттай орлогогүйтэй холбоотой ч байх. Гэвч адаглаад эмчийн заавар зөвлөгөөг дагаж хөдөлгөөн, хоолны дэглэм бариагүйгээсээ болоод дахин өвдөж, элдэв хуучаа сэдрээнэ. Тухайн үед эрүүл мэндээрээ хохирсныхоо бурууг эмч, эмнэлгийн ажилтнууд руу хээвнэг чихэж орхино. Тэгээд л муу дээрээ муухай, муухай дээрээ улцан болсон эрүүл мэндийн салбараа зүхнэ. Энэ бол аль хэдийнэ хэвшил болсон сэтгэлгээ.

Амны билгээс ашдыг билиг гэж үг бий. Сайн сайхан үгс мэдээж хүний аж төрөхүйд гэгээ тусгана. Гэхдээ хэлсэн үг болгон ерөөл болж тусахаас бус заавал биелэх албагүй. Аливаад найдвар тээж уужуу зангаар ханддаг нь энэ. Монголчууд тал шигээ талбиун, уужим сэтгэлтэй хүмүүс гэдэг. Харин өнөө тэдгээр уужим сэтгэлтнүүд хараа цуцам говийн дайд, харгуйн үзүүр тэнгэр газрын савслага руу шургасан мөнөөх их хээр талдаа л сууцгааж байгаа болов уу. Хүн амын ихэнх нь суурин иргэншилд дадсан мөнөөх хөндийд лав уужуу сэтгэлтэн ховор. Гагц аливаа аюул, эрсдэлийн өмнө л уужуухан хандаж, юунд ч юм найддаг бололтой.
Мэдээж хэн ч цасанд боогдож, хөдөө хээр түлшээ барчихаад хөлдөж үхье гэж санадаггүй нь лавтай. Гэвч аливааг үйлдэхийнхээ өмнө уужуухан гэгч тухалж суугаад эргэцүүлдэггүй. Харин адгаж яардаг. Мэдээж өнөөгийн нийгмийн хэмнэл ч асар хурдтай, хүн аливааг сэтгэж, хийж бүтээж, түргэн шуурхай хөдлөхгүй бол хөгжлөөс хоцорно.
Гол нь аюулын өөдөөс яарах сэтгэлзүй, голын эрэгт жаахан ойртчиход яах вэ дээ, нэмэлт шатахуун, ээлжийн дугуй хэрэггүй дээ, зорьсон газартаа саадгүй хүрчихнэ гэх зэрэг жинхэнэ хөрсөн дээрээ буусан монголын үхэр зан.
Үнэхээр амны билигтэй, уужуу хүмүүс. Харин түүний балаг хойно нь бий гэдгийг өдгөө санах, сэрэх болжээ. Юуг ч давж гарна, арга нь олдоно гэсэн сэтгэлийн хат бүгдэд бий. Гэхдээ аюул осол, болзоогүй гамшгийн эрсдэлийн өмнө нугарч таарна. Асуудал бүхэн араасаа ундрах амьдралын буулганд зүдэрсэн хөөрхий бидний монголчуудад уужуу зан, сэтгэлийн хат хэрэгтэй. Гэхдээ хаана, хэрхэн үүнийг гаргах вэ гэдгийг ухамсарт хүн дотроо оршоох нь зүй.
Үхэр гэдэг амьтан. Хүмүүс амьтнаас ялгаагүй үхэх, төрөх оршихуйтай амьд бодьгал. Харин хүнд заяагдсан ухамсар гэх зүйл биднийг амьтдаас онцгойруулдаг. Тиймээс үхэр байгалийн зөнгөөрөө зөрүүдлэнэ. Хүн бол ойлгосон хэр нь зөрнө. Тэгээд ч мал амьтандаа биш хүний зан чанар, ухамсар сэрэхүйд асуудал бий.
Хамгийн ойрын жишээ гэхэд сар шинийн өдрүүдэд шинийн гуравнаас эхлэн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар байгалийн онц аюултай үзэгдэл болохыг сэрэмжлүүлсэн. Гэвч ахан дүүсээ зорьж очоод алд хадаг дэлгэж, хөөрөг зөрүүлэх уламжлал нь дийлсэн. Зам харгуй, даваа гүвээ бүрд шуурганаас болж түгжрэл үүссэн. Уудам эх орны хараа бэлчим талд, уул толгод дээр бөөн бөөнөөрөө очоод түгжирчихнэ гэхээр нэг л сэтгэлд буумгүй, харийн хүнд бол эвэртэй туулай шиг л санагдана. Гэвч амь насаа хүртэл хайхрамжгүй зангийнхаа ивээс болгочихоод давхиж яваа ухамсрыг нь үхэл л залгих гашуун жам бий. Нийгмээрээ үүнийгээ ухаардаг нь сайхан юм аа гэхэд нийтээр зөрүүдэлдэг нь харамсалтай.