
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас үндэсний их баяр наадамд дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн А сорьцын шинжилгээнээс допинг илэрсэнийг мэдээллээ. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн шинжилгээний үр дүнд тухайн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ. Иймд аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу тухайн бөх Б сорьцын шинжилгээ хийх хүсэлт гаргах, тайлбар болон нотлох баримт гаргах, сонсголын буюу анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй юм.
Аймгийн арслан Т.Дүүрэнсаран Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан. Тэрээр тавын даваанд улсын гарьд цол хүртсэн М.Лхагвагэрэлд унасан юм.