
Нийтийн дуучдын хувьд хөдөө орон нутгийн малчид “саалийн үнээ” нь. Магад зарим нь үүнд бухимдаж, “Бид дуртай дуучныхаа тоглолтыг мөнгөө төлөөд үзэж болохгүй юу” гэж маргах биз.
Нийтийн дуучид бол өөрсдөө эрс эсэргүүцнэ. “Элэг зүрхнээс уяатай эх орныхоо өнцөг булан бүрт суугаа ахан дүүсдээ ая дууны цэнхэр хадгаа өргөж, соёлыг сурталчилж яваа биднийг...” гээд л уянгалуулцгаах нь дамжиггүй. Гэхдээ үнэн нь тэр хойно яая гэхэв. Тэгээд ч 2000-аад оноос хойш нийтийн дуучид хөдөө сумдаар аялан тоглолт хийж, олсон мөнгөөрөө том жийп авч гангардаг “мода” дэлгэрсэн. Соёлын клуб, захиргаа, эмнэлэг гурваас өөр аятайхан барилга байшингүй хөгжлөөр буурай сумдад дуучид л очиж дураараа цэнгэдэг байв. Үүнээс бусдаар бол хэдэн малчид хааяа нэг цуглаж залуу голдуу нь манго татаж, Задгай цагааны аянд бусад нь танго эргэлдэхээс цаашгүй. Зурагтын цөөн сувгаар хааяа нэг циркийн тоглолт, кино үзэж, радиогоор цаг агаарын мэдээ сонсоно. Ийм л байсан цаг.
Харин саяхан нэг дуучин өчнөөн зардал, мөнгө зарцуулж өв соёлоо түгээн дэлгэрүүлж явахад тоглолтыг нь хүмүүс үзэхгүй байгаад баахан бухимдсан сурагтай. Тэгээд ирж тоглолт үз гэж загнасан юмдаг уу даа. Үүнээс болж инээд, эмгэнэл нь зэрэгцсэн манай цахим сүрэг мөн л хоёр талд хуваагдаж маргасан бололтой. Тэр талаар тайлбарлах шаардлагагүй биз. Харин өгүүлэх зүйл хэд байна.
Манайхан аливааг алтан, мөнгөн гэж үечилж хуваах дуртай улс. Тэр жишгээр бол нийтийн дуучдын алтан үе дууссаныг дээрх явдлаас харж болно. Өдгөө малчны хотонд интернэт гэх зүйл нэвтэрч, тэд зурагтын олон суваг, ухаалаг утасны тусламжтайгаар мэдлэг мэдээлэлтэй болсон. Тэдэнд юүтүб, тик ток аль аль нь байна. Залуус дэлхийн хөгжмийг сонсож, аливаа уран бүтээлчийн тоглолтын чанар, чансааг ялгахтайгаа болсон. Тэд дэлхийн хэмжээний томоохон хөгжмийн тоглолтуудыг харж, сонсож ул болсон зүйлсээс илүүтэй урлагийн урагш алхсан өндөр түвшний бүтээлүүдийг таашаана. Тэгэхээр соёлын төвийн жавар хургасан заал дотор суугаад паргисан өсгөгчөөр хангинах, дээр нь ам барьсан дуучдын жүжиглэлтийг тэсвэрлэн нойрмоглож суух гэж зав гаргахгүй, мөнгө төлөхгүй.
Учир нь, нийтийн дуучид өдгөө ч хорин жилийн өмнөх хэв маяг, ая дангаа огт өөрчлөөгүй хэвээр байгаа. Гэтэл гол үзэгчид нь болох ахмад үеийнхэн цөөрсөн. Шинэ залуу үе шийдвэр гаргах түвшинд очсон. Гол асуудал үүнд байгаа юм. Тэдэнд олон жилийн өмнөхөөсөө салаагүй хөгжим, үг хэмнэл, дууны агуулга нь хуучинсаг санагдахаас гарцаагүй. Өөрөөр хэлбэл, нийтийн дуучид хэдий сайхан хоолойтой, олон сайн бүтээлийг хүмүүст хүргэсэн байлаа ч хөгжиж чадсангүй. Ерөөс брэнд хэв маягаа шинэчилж хүчрээгүй бол зах зээлээс шахагддаг. Урлагийн бизнес өөрөө ийм зарчимтай.
Билет бол орон нутгийн иргэдийн халааснаас мөнгийг нь юүлэх санхүүгийн хэрэгсэл. Учир нь, тэдний халааснаас амархан сугалсан ашиг орлого нь ямар ч татваргүй. Дээр нь, үүнд хяналт тавих тогтолцоо угаас байхгүй. Тиймээс нийтийн дуучид нь аймаг, сумдын удирдлагуудтай танилцаж, өөрсдийн нэр хүнд, цол хэргэмийг ашиглан билетээ албан газруудад хүчээр шахуу шахдаг байсан. Ажилчид, ялангуяа төрийн албан хаагчид заавал авах, тоглолтыг нь үзэх ёстой. Үгүй гэвэл цалингаас нь шууд суутгана. Нэг ёсондоо урлаг соёлын нэрээр халхавчилсан татвар гэж ойлгож болно. Нөгөө талдаа бол боловсон нэртэй бохир дээрэм.
Өдгөө үүнээс салаалсан өөр нэг шахааны бизнес ч бий. Тэр нь хандивын тоглолт. Монгол хүний өр нимгэн сэтгэл дээр дөрөөлж өндийсөн билет борлуулах бас нэг хэлбэр. Хэн нэгэнд туслах, нийгэмд хэрэгтэй зүйлд хувь нэмэр оруулах сэтгэлийн үүднээс хийж буй тоглолтыг нь хүмүүс үзэхгүй, билет нь борлогдохгүй байвал мөн л дарга, даамалтай нь сүжирч байгаад сургуулийн хүүхдүүдэд хүртэл шахдаг. Түүнийгээ “Тоглолтын орлого хандивт очно” гэх үгсээр халхалдаг. Энэ бол сайн дурын бус албадлагын шинжтэй хандив.
Үзэгчид нь хүртэл итгэхээ больсон цаг үед хандив нэрээр шахаа хийж, тоглолт зохиосоор байгаа нь урлагийг наймааны талбар л болгож хувиргажээ.
Ер нь хандивын нэр барьсан тоглолтуудын цаана ил тод үнэн гэж бараг үгүй, тийм боломжгүй. Хэдэн төгрөг цугласан, хааш зарцуулсан нь тодорхой бус үлдэх нь олон. Нэмэр бус нэрмээс болсон ийм үйлдлүүдээс болоод үнэхээр хэрэгтэй хүнд нь очих ёстой байсан хандив, тусламжийг тэд тэглэчихдэг. Ийм дээрмээс халшрахгүй байх аваас танд ердөө л хоцрогдсон сэтгэлгээнээс өөр юу ч алга.
Аялан тоглолтын систем хуучин тогтолцооны үед нэн хэрэгтэй байв. Хөдөө орон нутагт соёлын үрийг тарих боломж ч ховор байсан биз. Тиймээс аймаг, сум дамжин явж тоглолт хийх нь зах зээлтэй тун сайн уялдаж байсан болов уу. Гэвч энэ систем аажимдаа тоглолтын чанарт бус ашигт төвлөрсөн хэлбэрт шилжсэн. Бага зардлаар олон сум дамжиж, хурдан мөнгө олох нь гол зорилго болсон. Ингэснээр уран бүтээлийн чанар хоёрдугаарт тавигдсан. Аян дантайгаа хоршиж, өөрийн хоолойгоор дуулахын оронд ам барих, ихэнх үзүүлбэрээ техникээр нөхөх явдал түгээмэл болсон.
Үзэгчид үнэндээ хиймэл тоглолт үздэг байснаа саяхнаас л ухаарч байгаа. Учир нь, хүн бол машин биш. Ихэнхдээ энхэл донхол болсон шороон замаар туучсаар гурван зуу гаруй сумдаар дайрч, хүйтэн зааланд хорин дуу угсруулаад зогсох хоолой, хүрлээр цутгасан юм шиг бие махбодитой хүн үгүй. Энэ бол урлагийн нэр барьж хийсэн хялбар, ашигтай бизнес л байв. Зарчим нь хөгжмийн тусламжтайгаар асуудлыг шийднэ. Өдгөө харин уг системийн сул тал бүрэн ил болжээ. Үзэгчид бодит, амьд тоглолтыг илүүд үзэх болсон. Технологи хөгжсөнөөр харьцуулах боломж нэмэгдсэн. Дэлхийн түвшний тоглолтыг малынхаа хотонд зогсоод цахимаар үзчихэж байгаа хүн хэн нэгэн СТА цолтны бизнесийг дэмжихээр соёлын төв рүү харайлгах нь юу л бол.
Өнөөгийн бидний туулж буй цаг үед хүчирхэг, нэр алдартай байх нь чухал биш. Харин ухаалаг байх хэрэгтэй. Тэгээд ч цаг үе хувьсахад урлаг ч дагаж өөрчлөгддөг. Тэр хэрээрээ үзэгчид чанартай тоглолт, амьд дуу хоолой, брэндийн шинэчлэлийг шаардана. Нидэр дээрээ хөрөнгө зарж, өөрийн нэрээр овоглох хэдэн сайн бүтээл гаргаагүй дуучид одоо ч өв соёл, урлаг нэрээр халхавчилж орон нутгийг зорьсоор байгаа. Тэд ихэвчлэн социализмын үед бүтээсэн, өдгөө нийтийн өмч болсон, зохиогчийн эрхийн маргаангүй бүтээлүүдийг сонгож авдаг. Сонсогчид нь тэдгээр бүтээлийг багаасаа хангинуулж өссөн болохоор сэтгэл дэвсэн дагаж дуулах дуртай. Харин энэ цаг үе бол эрс өөр.
Үүнээс гадна орлогоо хэрхэн зарцуулсан нь өнөөдөр гарч байгаа үр дүнд шууд нөлөөлсөн гэж ойлгож болно. Зарим нь уран бүтээлдээ хөрөнгө оруулж, дийлэнх нь орон сууц, үнэтэй машинд үрээд дууссан. Ийм байхад хэн ч хуучин системийг тэтгэх албагүй. Угтаа өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм.