
Австрийн цагдаа нар HiPP хүүхдийн хоолны нэг дээжид харх устгах хор илэрсний дараа иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг гаргалаа.
Зүүн бүс болох Бургенланд мужийн цагдаа нар лууван, төмсний нухаштай шилэн савыг нэгэн иргэнээс хүлээн авсан бөгөөд уг савыг зориуд оролдож, өөрчилсөн байж болзошгүй гэж үзэж байна. Мөн өөр хордуулсан хоол зах зээлд байгаа гэж үзэн, ийм хордуулсан савыг хэрхэн таних талаар зааварчилгаа гаргажээ.
Энэ нь мөнгө нэхсэн гэмт хэргийн оролдлого эсэхийг шалгаж буй аж. Герман, Чех, Словакт мөн ийм хордуулсан савнууд хураагдсан талаар цагдаагийн мэдэгдэлд дурдсан байна.
Бямба гарагт HiPP компани Австри дахь Spar супермаркетууд дээр зарагдаж байсан HiPP нэрийн бүх хүүхдийн тэжээлийг татан авчээ. Германд төвтэй тус компани энэ татан авалт нь бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн доголдлоос шалтгаалаагүй бөгөөд бүтээгдэхүүнүүд үйлдвэрээс “төгс нөхцөлтэйгээр гарсан. Энэ татан авалт нь эрх бүхий байгууллагуудын шалгаж буй гэмт хэргийн үйлдэлтэй холбоотой” гэж компанийн цахим хуудсанд дурдсан байна.
“Одоогоор явж буй эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд HiPP хүүхдийн хоолны зарим савыг зориуд өөрчилсөн байдалтайг нь л хураан авсан. Хордуулсан тэжээл өмнө нь Австрид илэрсэн бол одоо Чех, Словакт мөн илэрч байна. Эдгээр савыг шалгахад харх устгах хор агуулагдаж байсныг эрх бүхий байгууллагууд тогтоосон” гэдгийг компанийн зүгээс онцолжээ.
Spar компани урьдчилан сэргийлэх зорилгоор бусад орнуудад ч тус брэндийн бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авчээ.
Австрийн эрх баригчид хэрэглэгчдэд савны таг гэмтсэн эсэх, онгойсон эсэх, хамгаалалтын битүүмжлэл болон эвгүй эсвэл муудсан үнэртэй, мөн шилэн савны ёроолд улаан тойрогтой цагаан наалт байгаа эсэхийг шалгахыг зөвлөсөн байна.
Австрийн Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын агентлаг эцэг эхчүүдэд хэрэв хүүхдэд нь цус алдалт, бие сулрах, цонхийх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандахыг анхааруулжээ.
Мөн Eurospar, Interspar, Maximarkt дэлгүүрүүдээс худалдан авсан HiPP бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, буцаан өгч мөнгөө авахыг зөвлөсөн байна.
Австрид 1500 гаруй Spar дэлгүүр байдаг.
Цагдаа нар бусад дэлгүүрүүдэд зарагдаж буй хүүхдийн хоол энэ асуудалд хамаарахгүй гэж мэдэгдсэн бөгөөд HiPP-ийн хуурай сүүнд мөн нөлөөлөөгүй байна.
Чех болон Словакийн худалдаачид урьдчилан сэргийлэх үүднээс бүх HiPP хүүхдийн хоолыг худалдаанаас татжээ.
Саяхан хоёр өөр хүүхдийн хүнсний брэнд бүтээгдэхүүнээ худалдаанаас татсан. Тодруулбал, Нэгдүгээр, хоёрдугаар сард Nestlé болон Danone компаниуд 60 гаруй улсад борлуулагдаж байсан хүүхдийн хуурай сүүгээ татан авч, зарим бүтээгдэхүүнд cereulide хэмээх хорт бодис илэрсэн байж болзошгүй талаар мэдээлсэн.
Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр 36 нярай хоолны хордлого болсон ч азаар амь насанд аюултай тохиолдол бүртгэгдээгүй байна.