
АНУ, Мексик, Канадад болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд өндөрлөөгүй байхад бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалт шинэчлэгдсээр байна. I хэсгийн Франц, Иракын тоглолт 3:1-ээр францчуудын хожлоор өндөрлөсөн. Энэ тоглолтод Килиан Мбаппе хоёр гоол хийж, мэргэн буучдын жагсаалтын хоёрт бичигдсэн хэвээр үлдлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Сенегалтай хийсэн тоглолтод эхний хоёр гоолыг хийсэн бол үүнээс хэдхэн цагийн дараа Аргентиний Месси гурав болгон ахиулсан. Тэгвэл энэ амжилтууд өнөөдрийн тоглолтод дахин давтагдлаа. Лионель Месси Австритай хийсэн тоглолтод 2 гоол хийж, үүний дараа Килиан Мбаппе ч мөн Иракын хаалгыг хоёр гоолоор мялаасан. Энэ амжилтаараа тэд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гоол оруулсан хөлбөмбөгчдийн амжилтыг ахиуллаа. Одоогоор Л.Месси нийт 18 гоолтой болсон бол Килиан Мбаппе 16 гоолтой хоёрт бичигдэж байна. Хэсгийн гурав дахь тоглолт эхлээгүй байхад дэлхийн рекорд дахин дахин шинэчлэгдсээр байна.
Харин энэ тэмцээний мэргэн буучын жагсаалтыг Аргентиний Л.Месси 5 гоолтой тэргүүлж байгаа бол Францын К.Мбаппе, Норвегийн Эрлинг Халанд нар 4 гоолтой удаалж байна. Мөн 3 гоолтой хоёр тамирчин, 2 гоол хийсэн нийт 18 тоглогч бий. Үүнээс гадна нэг гоолтой мэргэн буучдын жагсаалтад бичигдэж байгаа 69 тамирчин байна.
Хэсгийн тоглолтын хуваарийн дагуу өнөө шөнө К хэсгийн Португал-Узбекистан, Колумб-Ардчилсан Конго улсын шигшээ багийн тоглолт болно. Мөн L хэсгийн хоёр тоглолт явагдах хуваарь гарчээ. Тодруулбал, Англи-Гана, Панам-Хорватын шигшээ багийн тоглолт Улаанбаатарын цагаар маргааш өглөө болно.
Анх удаа 48 баг өрсөлдөж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны 32-т өрсөлдөх багууд эхнээсээ тодорч эхэлсэн. Эдгээр багууд хэсгийн гурав дахь тоглолт болохоос өмнө хасагдах шатанд тоглох болзлоо хангалаа. А хэсгээс Мексик, D хэсгээс АНУ, Е хэсгээс Герман, J хэсгээс Аргентин, I хэсгээс Франц болон Норвегийн шигшээ багууд шалгараад байна.