Баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-14-ний өдрүүдэд 66 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагын төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 94 иргэний амь насыг аварчээ. Харин Сэлэнгэ, Баян-Өлгий, Увс, Хэнтий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэг нийт 14 хүн гол, усанд амь насаа алдсаны хоёр нь үерт өртжээ.

14 аймгийн 29 гол, мөрөн, нуурийн эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн баг үүрэг гүйцэтгэж байгаа ч иргэдийн болгоомжгүй байдлаас болж хүний амь нас эрсдэлд орсоор байна. Мөн сүүлийн хоёр хоногт таван иргэн усны ослоор амиа насаа алджээ. Ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, баруун аймгуудын ихэнх нутгаар бороо орохыг анхааруулж байна. Иймд иргэдийг гол, нуурын хөвөөнд амрахдаа осолдох эрсдэлээс сэргийлж, бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байхыг сануулж байна. Сүүлийн өдрүүдэд гарсан гол, нуурын ослын улмаас бага насны хүүхдүүд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдлээ.

ХИЙЛДЭГ ГУДАС БАГА ХЭРЭГЛЭХИЙГ САНУУЛСААР БАЙНА

Амралт, зугаалга эхэлсэн энэ сард аялагчид Монгол орны хамгийн цэнгэг устай гэсэн нуурыг зорьж байна. Дотоодын аялагчдаас гадна гадаадын олон орны аялагчид орон нутгийн аялалын хөтөлбөрт хамрагдсан. Манай оронд Увс, Хөвсгөл, Хар-Ус, Хяргас, Буйр, Хар, Дөргөн, Ачит, Бөөнцагаан, Тэлмэн, Тэрхийн цагаан, Хөх, Ойгон зэрэг нийт 25 том нуур бий. Энэ жил зорих аялагчид ихэнхдээ Монгол орны том нуурыг зорьж байна. Мөн Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ой болохтой холбогдуулан Улаангом хотын аялалд иргэд олноор гарчээ. Иймээс Увс нуурыг зорих иргэдэд анхааруулга мэдээллийг өгсөөр байна. Нуурууд дотроо огцом эрэг үүсгэдэг тул болгоомжтой байхыг анхааруулж эхэллээ. Увс мөн Хяргас нуур нь дотроо огцом эрэг үүсгэдэг тул тийшээ хөл алдаад орохвий гэж нутгийн иргэд болгоомжлуулсаар байна. Орон нутгийн хамгийн том наадам “Увс 100 жил” зохион байгуулагчид аялагчдаа аваад эхэлсэн тул нуурын эрэг дагуу амрагчид их болжээ. Тиймээс нутгийн иргэд аялагчдыг хийлдэг гудас аль болох хэрэглэхгүй байхыг сануулсаар байна. 

ТУУЛ, ТЭРЭЛЖ, СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна. Энэ жилээс эхлэн Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүлд нэмэлт хүч гарган ажиллаж байна. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган бүрэн бүрэлдэхүүнийг бэлэн байдалтай байлгаж байна. Орон нутгийг зорих аялагч, амрагчид их болсонтой холбогдуулан улсын хэмжээнд 513 алба хаагч томилогдон ажиллаж байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Иймд иргэдийг гол нууранд осолдох эрсдэлээс сэргийлж аль болох орон нутгийн албан хаагчдын зөвлөгөөг авч аялахыг сануулсаар байна.

Гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

1. Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах,

2. Хүүхдийг гол, горхи, нуур цөөрөм руу ганцааранг нь явуулахгүй байх,

3. Гол горхи, усанд хүүхдийг хараа хяналтгүй орхихоос сэргийлэх,

4. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,

5. Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,

6. Бага насны хүүхдийг гол усны орчимд тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах чиглэлээр гарын авлагын зөвлөмжийг авах.