
Австралийн хэсэг иргэд тус улсын Засгийн газрыг нүүрс болон байгалийн хийн экспортыг үргэлжлүүлэн дэмжиж буй нь хүний эрхийг нь зөрчиж байна хэмээн буруутгаж, НҮБ-аас арга хэмжээ авахыг хүссэн гомдол гаргажээ.
Тус бүлгийнхэн Австралид сүүлийн жилүүдэд тохиосон ой хээрийн түймэр, үер, халууны давалгаа, далайн түвшин нэмэгдэх, хорт замаг цэцэглэх зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн улмаас амьдрал нь хохирсон гээд үүнд чулуужсан түлшний үйлдвэрлэлийг дэмжсэн төрийн бодлого нөлөөлсөн гэж үзжээ.
Энэ нь 2025 онд Олон улсын шүүх уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар улс орнуудыг шүүхэд өгөх боломжтой гэсэн дүгнэлт гаргаснаас хойш олон улсын байгууллагад хүргүүлж буй анхны томоохон эрх зүйн нэхэмжлэлүүдийн нэг болж байна.
НҮБ-ын шийдвэр хууль эрх зүйн хувьд заавал биелүүлэх хүчин төгөлдөр бус боловч дэлхийн томоохон нүүрс, хийн экспортлогчдын нэг болох Австралиас хариу тайлбар хүлээж буй аж.
Нэхэмжлэл гаргагчдын нэг, зэрлэг амьтан судлаач, сайн дурын гал сөнөөгч Барри Трэйлл 2009 оны “Хар бямба гараг”-ийн түймрийн үеэр хэд хэдэн найзаа алдсан нь амьдралыг нь эрс өөрчилсөн гэж ярьжээ.
Мөн 2019-2020 оны “Хар зун” хэмээн нэрлэгдсэн түймрийн үеэр Квинслэнд мужид гал түймэртэй тэмцэж байхдаа уур амьсгалын өөрчлөлт ирээдүйн бус, өнөөдрийн асуудал болсныг биеэр мэдэрсэн гэдгийг онцолсон байна.
Өөр нэг нэхэмжлэл гаргагч Брендон Донохью 2022 онд Брисбэн хотын үерийн улмаас орон сууцны цахилгаан тасарч, харааны болон хөдөлгөөний бэрхшээлтэй түүнд аюулгүй зорчих боломжгүй болсон тухайгаа дурджээ.
Харин Баруун Австралийн Кимберли бүс нутгийн уугуул иргэн профессор Энн Поэлина Фицрой мөрний сав газарт болсон томоохон үерийн улмаас нутгаасаа дайжихад хүрсэн нь уугуул иргэдийн уламжлалт мэдлэг, соёлыг үе дамжуулан өвлүүлэх үйл явцад ноцтой нөлөө үзүүлж байгааг анхааруулсан байна.
Тэдний өмгөөлөгчдийн үзэж буйгаар Австралийн нүүрс, хийн экспортын улмаас үүсэж буй уур амьсгалын хохирол улсын хилээр хязгаарлагдахгүй бөгөөд тус улсын хариуцлага ч мөн адил хилээр хязгаарлагдах ёсгүй аж.