
“FIBA Asia Cup 2029” буюу сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр /2026.11.26/ Улаанбаатар хотын М Банк Аренад эхэллээ.
Тус тэмцээнд Монгол, Тайланд, Индонез, Фижи, Малайз, Хонконгийн шигшээ багууд өрсөлдөж байна. Баг тус бүр гурван тоглолт хийх бөгөөд хэсгийн эхний дөрвөн байрт шалгарсан баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авна.
Монголын шигшээ баг өнөөдөр 19:00 цагт Индонезийн багтай тоглож, хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо хийнэ.
Тэмцээний салхийг хагалж, өнөөдөр 13:00 цагт Фижи, Хонконгийн багууд тоглосноос Хонконгийн шигшээ баг 106:65 харьцаагаар ялалт байгууллаа.
Монголын шигшээ баг урьдчилсан шатны нэгдүгээр тойрогт хоёр хожил, нэг хожигдолтойгоор таван оноо цуглуулсан бол Индонезийн баг нэг хожил, хоёр хожигдолтойгоор дөрвөн оноо авсан. Тиймээс өнөөдрийн тоглолт нь Монголын багийн хувьд хэсгийн эхний дөрвөн байрт шалгарах боломжоо бататгах чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн урьдчилсан шатны хоёрдугаар тойрог Монгол, Ливан улсад зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 12 багаас найм нь Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болно.