Шатрын Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр өндөрлөлөө. Эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн 148 шатарчнаас 49 нь олон улсын цолтой байсан юм.
Эрэгтэйчүүдээс олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 7.5 оноогоор түрүүлсэн бол ФИДЕ мастер Э.Энхнар, Г.Тэнгүүдалай, Н.Содбилэгт, Э.Болдоо нар эхний тавд багтлаа. Мөн олон улсын мастерууд болох Х.Өлзийхишиг, Х.Итгэлт, С.Чингүүн, Г.Амартүвшин, Ү.Агьбилэг, Э.Баасансүрэн нар эхний 11-т багтаж шигшээд оролцох эрхтэй болжээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд кандитат мастер Х.Баясгалан 11 өргөөс есөн оноо авснаар түрүүлсэн бол их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Э.Хүслэн, их мастер Т.Мөнхзул, ФИДЕ мастер Б.Буянхишиг нар эхний тавд орлоо. Мөн кандитат мастер Э.Зол-Учрал, Н.Содгэрэлт, ФИДЕ мастер Б.Хүслэнзаяа, Н.Энхболор, олон улсын мастер Б.Хулан, залуу мастер Б.Энхнамуун нар 11-т багтаж шигшээд өрсөлдөх эрхтэй болсон байна.
Хагас шигшээ шатнаас шалгарсан дээрх шатарчид ирэх аравдугаар сард их мастер С.Билгүүн, олон улсын мастер Б.Мөнгөнзул нартай нэгдэн улсын аварга цолны төлөө өрсөлдөнө.