
Филиппиний өмнөд хэсэгт орших ахлах сургуульд халдлага гарч, хоёр сурагч амиа алджээ. Амиа алдагсдын нэг нь буудагч байсан гэж албаныхан мэдээллээ.
Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд Филиппиний сургуульд гарсан ийм төрлийн хоёр дахь хэрэг болжээ.
Урьдчилсан байдлаар цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хэрэг Филиппиний өмнөд хэсгийн Замбоанга хот дахь хувийн хэвшлийн Ateneo de Zamboanga Их сургуульд харьяалагддаг сургуульд болсон байна.
Халдагч этгээд гар буу болон винтов авчран сургуулийн кампус руу орж, анги дотор байсан сурагчид руу гал нээжээ.
Цагдаагийн мэдээлснээр халдагч нь 9-р ангийн сурагч бол халдлагын улмаас амиа алдсан нөгөө сурагч нь түүнээс нэг ангиар ах эрэгтэй сурагч байжээ.
Энэхүү хэрэг нь өнгөрсөн зургадугаар сард Таклобан хотын улсын ахлах сургуульд гарсан буудлагын дараахан болж байна. Тухайн үед тус сургуулийн хоёр сурагч кампус дотор гал нээсний улмаас гурван сурагч амиа алдаж, 20 орчим хүн гэмтэж бэртсэн юм.
Филиппинд сургуулийн буудлагын хэрэг харьцангуй ховор тохиолддог. Тус улсад галт зэвсэг эзэмших журам харьцангуй хатуу байдаг. Суурь шалгалт болон сэтгэлзүйн үнэлгээ зэрэг шаардлага тавигддаг ч хууль бус галт зэвсэг эргэлтэд байсаар байна.
Энэ удаагийн хэрэг нь Тайландын нийслэл Бангкок хотын захад байрлах нэгэн сургуульд сурагч буудлага үйлдсэн олны анхаарлыг татсан хэргээс 10 хүрэхгүй хоногийн дараа гарчээ.