Бангладешийн Ерөнхий сайд асан Шейх Хасинад өнгөрсөн онд өөрийг нь засгийн эрхээс түлхэн унагасан оюутнуудын тэргүүлсэн эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэж дарсан гэх үндэслэлээр цаазын ял оноохыг  прокурорууд шаарджээ. 

Одоогоор Шейх Хасина Энэтхэг улс руу дүрвэсэн бөгөөд түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ. Тэрбээр аюулаас хамгаалах хүчнийхэнд жагсагчдын эсрэг “Үхэлд хүргэх зэвсэг хэрэглэхийг” тушаасан нэгэн аудио бичлэг олдслн байна. Харин түүний хувьд энэ бүхнийг эрс няцааж байгаа юм. 

Шейх Хасинагийн 15 жилийн турш үргэлжилсэн засаглалыг эцэс болгосон үймээн самууны үеэр 1400 орчим хүн амиа алджээ.

Энэ нь 1971 оны тусгаар тогтнолын дайнаас хойш Бангладешт үйлдэгдсэн хамгийн аймшигтай хүчирхийлэл байв.

Ерөнхий прокурор Тажул Ислам "Ш.Хасинад 1400 удаа цаазаар авахуулах ял оноох ёстой. Гэхдээ энэ нь боломжгүй зүйл учраас бид ядаж нэг удаагийн ийм ял оноохыг шаардаж байна" гэлээ. 

Бангладешт эсэргүүцлийн жагсаал 2024 оны долоодугаар сард эхэлсэн бөгөөд эхэндээ 1971 оны дайнд оролцсон хүмүүсийн төрөл төрөгсдөд төрийн албаны ажлын байрны квот олгохыг эсэргүүцэж байснаа удалгүй Шейх Хасинаг түлхэн унагах олон нийтийн хөдөлгөөн болж даамжирсан юм. 

Хамгийн их цус урсгасан үйл явдал наймдугаар сарын 5-нд буюу Шейх Хасина нисдэг тэргээр зугтсан өдөр Дакка дахь түүний оршин суух газар луу олон хүн дайрч орохоос өмнө болсныг ВВС-гийн мөрдлөгийн явцад тогтоожээ.

Тэр өдөр цагдаа нар хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт 52 хүний ​​аминд хүрсэн нь Бангладешийн түүхэнд цагдаа нарын үйлдсэн хамгийн аймшигтай хүч хэрэглэсэн хэргүүдийн нэг байв.