
"Албан тушаал, сандал суудлын хэрүүлд хамаг цагаа зарцууллаа" хэмээн шүүмжлүүлдэг УИХ энэ долоо хоногт жинхэнэ утгаараа сандал суудал хэлэлцлээ. Тодруулбал, Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганы хуралдааны танхимын хаана суулгах нь зөв тухай Х.Тэмүүжин нарын 40 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төсөл нь дараах заалтуудаас бүрдэх бөгөөд УИХ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
15.4.Нэгдсэн хуралдааны танхимын суудал, түүний хуваарь нь Улсын Их Хурлын бүрэлдэхүүнд зориулсан байх бөгөөд танхимын хоймор хэсэгт зөвхөн хуралдаан даргалагч, хуралдаан зохион байгуулагчид зориулсан суудлыг тусгайлан байрлуулна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор танхимын зохих хэсэгт Ерөнхийлөгчид зориулсан тусгайлсан суудал байрлуулж болно.
15.5.Нэгдсэн хуралдааны танхимд хуралдаан даргалагчийн зүүн гар талд олонхын бүлгийн гишүүдийн суудал байх бөгөөд нүүрний эгнээнд олонхын бүлгээс сонгогдсон Улсын Их Хурлын дэд даргын суудлын дараагаас, олонхын бүлгийн дарга, эрх барих хүчнээс сонгогдсон Ерөнхий сайд хэрэв Улсын Их Хурлын гишүүн бол түүний суудлыг дарааллуулан хуваарилна.
15.6.Нэгдсэн хуралдааны танхимд хуралдаан даргалагчийн баруун гар талд хамгийн олон суудал авсан цөөнхийн бүлгийн гишүүдийн суудал байх бөгөөд нүүрний эгнээнд тус бүлгээс сонгогдсон Улсын Их Хурлын дэд даргын суудлын дараагаас цөөнхийн бүлгийн даргын суудлыг хуваарилна.
15.7.Цөөнх болсон бусад нам, эвслийн бүлгийн гишүүд, бүлэггүй цөөнхийн гишүүдийг дараагийн суудлуудад хуваарилах бөгөөд тус цөөнхийн бүлгээс сонгогдсон Улсын Их Хурлын дэд дарга, тухайн цөөнхийн бүлгийн дарга нарын суудлыг нүүрний эгнээнд тус тус хуваарилна.
15.8.Нэгдсэн хуралдааны танхимын суудлын хуваарилалтыг энэ зүйлд нийцүүлэн Улсын Их Хурлын даргын захирамжаар тогтооно.
15.9.Нэгдсэн хуралдаанд үг хэлж, мэдээлэл хийх ажлын хэсгийг Улсын Их Хурлын бүрэлдэхүүнд зориулсан суудал бүхий хэсгээс тусад нь байрлуулсан суудалд суулгах ба ажлын хэсгийн гишүүн босож үг хэлэх индэрийг уг хэсэгт байрлуулна. Улсын Их Хурлын гишүүн бус Ерөнхий сайдын суудлыг энэ хэсэгт байрлуулна.
Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсон цагаас хойш чуулганы танхимын зохион байгуулалт, суудлын хуваарилалтыг өөрчилж байгаагүй. Харин Х.Тэмүүжин тэргүүтэй хууль санаачлагчид өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ. Тэд гүйцэтгэх засаглалын тэргүүн нь хууль тогтоох дээд байгууллагынхаа дээр гарч суух нь буруу гэж үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороог уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -УИХ-ын чуулганы хуралдаан танхимд Ерөнхий сайдад тусгайлан суудал бэлдээд хууль тогтоох дээд байгууллагынхаа тархи дээр гаргаад тавьчихсан байгаа. Үндсэн хуульд "УИХ Ерөнхий сайдыг томилно, огцруулна, Ерөнхий сайд ажлаа буюу хуулийн биелэлтийг УИХ-д хариуцан тайлагнана" гэж тодорхой заасан. Гэтэл УИХ-д ажлаа тайлагнадаг этгээд нь спикертэй зэрэгцээд даргалагч маягтай дээр суудаг. Улмаар УИХ-ын гишүүдтэй дээрээс харьцаж зандарсан байдлаар үг хэлдэг. Энэ байдлыг өөрчлөх зорилгоор хуулийн төсөл санаачилсан. Бусад улс оронд Ерөнхий сайдад тусгайлан, спикертэй өрсөлдөхүйц байрлалд суудал засаж өгдөггүй. Харин цөөнхийн лидертэй мэтгэлцэх байрлал буюу өөд өөдөөс нь харуулж суулгадаг.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: -Ерөнхий сайд тусгайлсансуудалд сууснаараа парламентын ардчилалд сөргөөр нөлөөлөхгүй. Тиймээс энэ хуулийн төслийг ойлгохгүй байна. Ерөнхий сайдыг УИХ томилж, чөлөөлдөг нь үнэн. Гэхдээ үйл ажиллагааг нь зохицуулсан хуульд л ач холбогдол өгөх хэрэгтэй. Түүнээс хэлбэр талыг нь өөрчлөх хэрэггүй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -Энэ бол хэлбэрийн асуудал биш. Сандал суудлын ч асуудал биш. Үндсэн хуульд байгаа үзэл санааг УИХ-ын чуулганы танхимд амилуулах тухай асуудал. УИХ-д ажлаа тайлагнадаг хүн нь парламентынхаа толгой дээр гарч суучихаад Л.Оюун-Эрдэнэ Ж.Баярмаа гишүүнийг доромжилдог шиг авирлаж болохгүй. Суудал нь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүдийг доромжилж болно гэсэн уур амьсгалыг бүрдүүлж байна.
Засгийн газрын тэргүүн хурлаа удирдаж байхад нь спикер хажууд нь сандал тавиад сууж болохгүй. Түүнтэй адилхан УИХ-ын дарга хурлаа удирдаж байхад Ерөнхий сайд нь хажууд нь зэрэгцэж сууж болохгүй. Тиймээс Ерөнхий сайдыг доош нь буулгаж УИХ-ын гишүүний суудалд нь суулгах нь зөв. Хэрэв тусдаа байх ёстой гэж үзвэл Ерөнхий сайд, сайд нарыг тусад нь нэг бүлэг болгож суулгах хэрэгтэй.
Та бүхэн өмнө нь "УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайдаа хаана суулгах вэ. Зовлонтой байна аа" гээд ярьж л байсан шүү дээ. УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайд парламентын тархин дээр бүрч сууж болохгүй. Бараг ажлын хэсгийн суудал дээр суух ёстой.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжихээс татгалзсан уг хуулийн төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Хэрэв УИХ энэхүү хуулийн төслийг дэмжин баталбал 30 гаруй жилийн хугацаанд нэг ч удаа өөрчлөлт оруулаагүй чуулганы танхимын зохион байгуулалт, суудлын хуваарилалт өөрчлөгдөх юм.