
Сүсэгтэй байж болох ч түүгээр амьдралыг орлуулна гэж үгүй. Мэдээж хувь хүний юунд итгэж, юуг шүтэх нь асуудал биш.
Хэн ч өөрийн гэсэн итгэдэг зүйлтэй, түүнийгээ шийдвэр гаргах сонголтдоо ашиглаж болно. Харин эдгээрээр амьдралаа залуурдаж, амь зуух арга хэрэгслээ болгоно гэдэг муйхар үзлээс ялгарах зүйл биш.
Сүүлийн үед залуучуудын дунд тарот хөзрийн үйлчилгээ газар авчээ. Хувь заяагаа есөн зоосны мэргэд даатгаж ирсэн монголчууд арай гэж төөрөг тавилангаа өөрсдөө залуурдах болсон. Гэтэл өдгөө сэтгэлтэй хүнийхээ талаар тарот хөзрөөс асууж байж гэр бүл төлөвлөж байгаа гэнэ. Итгэх, эс итгэх нь хувь хүний сонголт боловч түүн дээр нь дөрөөлж мөнгө хүүдийлдэг хэсэг бүлэг ч байна.
Тарот хөзөрт итгэх нь өөрөө гэм биш. Хүн бүр л ирээдүйгээ мэдэхийг хүсэж, эргэлзсэн үедээ тулж түших зүйл хайдаг. Ялангуяа, асуудлууд ар араасаа ундарч, хайр дурлал нь нурж, ажил үйлс нь бүтэлгүйтсэн нөхцөлд ямар нэгэн дохио хүлээж, тайвшрал эрдэг нь хүний төрөлх чанар. Гэвч тэр бүх шийдвэрээ хөзрийн зураг, бэлгэдэлд даатгаад эхэлбэл юу болох вэ? Учир нь хүний амьдрал хөзрийн ширээн дээр дэлгэсэн дүрснүүдээс хамаарахгүй. Хөдөлмөрлөсөн нь сайхныг бүтээж, алдаанаасаа сургамж авсан нь урагшилдаг жамтай. Гэтэл өнөөдөр зарим залуус ямар хүнтэй үерхэхээ, хэнтэй хамтрах, бүр ажлаа солих эсэхээ хүртэл таротын тайллаар шийдэх болжээ. Ингэснээр бодит амьдралын хариуцлагаас зугтаж, сонголтынхоо үр дагаврыг алганы зураас гэдэг шиг төөрөг тавилан руугаа чихэх муу зуршилд автаж байна.
Угтаа хүн өөрийнхөө амьдралын төлөө хариуцлага хүлээж сурсан цагт л төлөвшдөг. Харин мухар сүсэгт хэт автсан нийгэмд логик сэтгэлгээ бүдгэрч, бодит хөдөлмөрийн үнэ цэн унадаг. Түүх сөхвөл аливаа мухар сүсэг давамгайлсан нийгэм ихэвчлэн шинжлэх ухаан, боловсролоос хоцорч байсныг харж болно. Европт дундад зууны үед мэргэ төлөг, шашны мухар ойлголтод автсан цаг үеийг “хар үе” гэж нэрлэдэг нь учиртай. Харин гэгээрлийн эрин эхэлж, хүмүүс шалтгаан ба үр дагаврыг шинжлэх ухаанаар тайлбарлаж эхэлснээр хөгжин дэвшсэн. Дэлхий нийтээр өдгөө хиймэл оюун ухаан, сансар судлалын талаар мэтгэлцэж суухад хөзрийн мэргэ дагаж, түүгээр бор хоногоо болгож явах нь хоржоонтой хэрэг. Тэгээд ч амьдралын үнэ цэн хүний дотоод чанар, хөдөлмөр, боловсрол дээр тогтдог. Магадгүй хүн бүрийн дотор айдас их бага хэмжээгээр бий. Харин тэрхүү айдсыг давж шийдвэр гаргах зоригийг тарот бус өөрийн ухаан л өгнө. Тиймээс тарот хөзөр сайн эсвээс муу уршигтай гэхээс илүүтэй таны үзэл бодолд гол учир нь бий.
Үнэндээ тарот хөзөр өдгөөнх шиг мэргэ төлгийн хэрэгсэл байгаагүй. XV зууны үед Италид язгууртнуудын дунд тархсан хөзрийн тоглоомын нэг хэлбэр байсан. Түүнийг “tarocchini” хэмээн нэрлэж, Францад “tarot”, Германд “königrufen” гэх мэт олон хувилбар тархсан байдаг. Өөрөөр хэлбэл, таротын үндсэн зориулалт нь зугаа цэнгэл, тоглоом байснаас төөрөг тавилангийн зураасыг тайлах хэрэгсэл байгаагүй гэсэн үг. Харин XVIII зуунд Францын оккультизмын урсгалууд түүнийг нууцлаг бэлгэдэлтэй холбож, мэргэ төлгийн зориулалтаар ашиглаж эхэлжээ. Түүнээс хойш таротыг ид шидийн шинжтэй мэтээр сурталчлах болсон нь өнөөгийн ойлголтын эхлэл юм. Гэвч анхны мөн чанар нь өөрчлөгдөөгүй, ердөө хүний төсөөлөл дээр суурилсан дүрслэл хэвээр үлдсэн. Хүмүүс зураг, бэлгэдлээс өөрийн хүсэл, айдас, найдвараа олж хардаг учраас “үнэн мэт” санагддаг. Гэтэл бид амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийг ийм тоглоомын гаралтай зүйлд даатгаж болохгүй.
Өнөөдөр цахим орчинд таротыг шинжлэх ухаан мэт ойлгуулж, “энерги уншина”, “ирээдүй харна” гэх сурталчилгаа олширчээ. Харин үүнийг баталсан шинжлэх ухааны нотолгоо одоогоор байдаггүй. Сэтгэл судлалд харин эсрэгээрээ “Barnum effect” буюу ерөнхий, хэнд ч тохирох тайлбарыг хүмүүс өөртөө яг таарч байна гэж итгэдэг үзэгдэл бий гэж үздэг. Таротын ихэнх тайлбар ийм ерөнхий шинжтэй байдаг нь хүмүүсийг амархан үнэмшүүлэхэд хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, хөзөр бус хүний өөрийн дотоод хүсэл л хариуг нь бүтээж байдаг гэсэн үг. Гэтэл зарим хүн үүнийг бодит үнэн мэт хүлээж авч, хувь заяагаа түүнд тушааж эхлэх болсон нь өнгөрсөн зуунуудыг мухар сүсгийн хүйдэст он цагийг давтаж эхлэв үү гэлтэй. Тэр тусмаа залуу насанд хүн алдаж, онож, өөрийн туршлагаар төлөвших ёстой үеэ мэргэ төлгөөр орлуулах нь ирээдүйгээсээ зугтаж буйгаас ялгаагүй. Амьдрал бол тоглоом биш гэлцдэг дээ. Амны уншлага болсон эл үгийн эсрэгцлийг үүтгэж тоглоомоор амьдралаа хэмжих нь хэзээд зөв алхам бус гэдгийг санууштай. Хөзрийг ширээн дээр өрж болох ч хүний хувь заяа тийм амархан дэлгэгдээд байдаг эд биш ээ.
Тарот хөзрөөр дамжуулан мөнгө олдог хүмүүсийн хамгийн том ашиг нь таны эргэлзээ, айдас хоёр. Амьдралдаа төөрөлдсөн, ганцаардсан, сэтгэл санааны хувьд сул байгаа хүмүүс ийм төрлийн үйлчилгээнд хамгийн амархан татагддаг.
Нэгэнт итгэж эхэлсэн хүн дараагийн удаа илүү их мөнгө төлж, ахин дахин хариулт хайдаг. Ингэснээр тарот мэргэ нь зарим хүнд зүгээр нэг сонирхол бус сэтгэл зүйн хараат байдал болж хувирна. Хэдийгээр хөзөр судалж, сонирхож, өөртөө тайвшрал авах нь таны эрх. Гэхдээ төөрөг тавилангаа хөзрийн мэргэд даатгаж, түүгээр дэнслээд орхих уу?
Хамгийн эмгэнэлтэй нь зарим хүн үүнийг ашиглаж бусдын эмзэг байдлаар бизнес хийдэгт оршино. “Хар энерги”, “салсан хүн эргэж ирнэ”, “мөнгөний зам нээгдэнэ” гэх мэт үгс бол айдас агаад итгэл найдвар дээр тоглосон сэтгэл зүйн арга төдийгөөс өөр юу ч биш гэдгийг баттай хэлье. Түүнд хууртагдсан хүн бодит асуудлаа шийдэхийн оронд улам бүр хийсвэр ертөнц рүү татагдана. Харин амьдралын хөрсөн дээрх асуудлыг зөв зүйтэй үйлдлээр л шийддэг.
Хөзөр таны өмнөөс хөдөлмөрлөж, алдааг чинь засаж, ирээдүйг чинь босгож өгөхгүй. Тэгээд ч нэгэнт нурсан итгэл, тасарсан найдварын утас бариад амьдралыг туулахад бэрх. Тиймээс амьдралаа нэг муу хөзрийн мэргэтэй уяж орхичихоод түүгээр хувь тавилангаа тодорхойлно гэдэг хэцүү. Ерөөс зарим зүйлс зөвхөн өөрт нь бишрэл төрүүлэх субьектив үнэн байдаг. Түүнийгээ өөртөө оршоож явах л туйлын зөв гэдгийг санууштай.