
Асуух эрх бүгдэд бий. Мэдээж хариулах, хариулахгүй буцаах эрх ч хүнд байдаг. Асуулт тавьсан хүн бүр нийгмийн дайсан биш. Харин ч эсрэгээрээ асуулт үгүй аваас алдаа илрэхгүй. Алдаа илрэхгүй бол аливаа үйл засагдахгүй.
Хот гэдэг зөвхөн барилга байшин, зам гүүрийн цуглуулга биш. Хот бол хүмүүс. Тэдний амьдрал, тэдний асуулт, тэдний эргэлзээ нийгэм гэх тогтолцоог бүрдүүлж байдаг. Мэдээж хүмүүс таатай нөхцөлд аж төрөх нь чухал. Харин үүнийхээ хүрээнд асуудлыг хөндөж, ул суурьтай асуулт тавьж, стандартын дагуу төлөвлөж, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар мэдэж авах нь зүй ёсны хэрэг.
Гэтэл сүүлийн үед Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт сэтгүүлч, эрх баригчид, ард иргэд гээд хэн ч асуулт тавих эрхгүй болов. Энэ хүн ажлаа хийж байгаа нь тусдаа авч үзэх асуудал боловч урьд хожид, ямар ч хотын даргад байгаагүй их хэмжээний төсвөөр чухам юуг бүтээн босгов гэдэг дээр хэн ч асуулт тавьж, хэрэгжилтийг хянаж, нийтийн амьдралд сөрөг үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэгтэй. Харин өдгөө асуулт тавьсан хэн бүхэн “зохион байгуулалтайгаар түүнийг гүтгэгч, иргэдийн амьдралд тустай үйл хэргийг нь тасалдуулагч, аль нэг эрх мэдэлтэн, намд биеэ худалдсан” хүмүүс болж хувирлаа.
Ерөөс сэтгүүлчид асуулт тавих бүрд хотын дарга маань бүхнээс дээгүүр эрх мэдэлтэй, төрөөс, ард түмнээс том хүн учраас хариултынхаа оронд доромж үгс, өрсөлдөгчдөө бэлэг барьж байгаа аятай дайрсан үгсийг микрофон руу чулуудах болов. “Чам шиг сэтгүүлчид хариу өгөхгүй, чи бол худалдагдсан, биеэ үнэлэхээ боль, залуу хүн байж ичмээр” зэрэг үгс сүүлийн хэдэн сар түүний трэнд хариулт болж хувирав. Үнэндээ сэтгүүлч түүнд бүтээн байгуулалтынх нь ажил, төсөв мөнгөтэй холбоотой асуулт л тавьсан. Бүх зүйл хуулийн дагуу, ном журмаараа хэрэгжиж байгаа бол тайлбарлачихад л болно шүү дээ. Тэгээд ажлаа тайван явуулахад нэг их хүндрэл гарахгүй л болов уу. Үнэндээ сэтгүүлчийн ажлын үндсэн үүргийг нэг бол асуулт тавих юм. Түүндээ тодорхой хариулт авч байж нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ч биелүүлнэ.
Хамгийн гол нь олон нийтийн тулгамдсан асуудлыг хөндөж, тэдний мэдэх эрхийг хүндэтгэн асуулт тавьж байгааг хотын дарга маань сайн ойлгохгүй байгаа бололтой. Мэдээж тухайн хүн өөрийн хувийн асуудлыг хөндөж, мөн өөрийнх нь хувийн хэрэг рүү өнгийсөн бол “Чи хэний талд ажилладаг, хэнээс мөнгө авсан” зэрэг асуултуудаа сөргүүлэн тавьж болох юм. Гэтэл дарга маань олон иргэдийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарладаггүй шиг авирлах болов. Асуултыг хувийн өнцгөөс хүлээн авч, өөртөө хувьчилж, хүнийг гүтгэгч гэж цоллох нь иргэдээ үгүйсгэж байгаа хэрэг.
Хэн ч асуулт тавихгүй, бүгд эрх баригчдийн аливаа үйл хэргийг зөвшөөрдөг нийгмийн тогтолцоо өдгөө үгүй. Зөв үйл байсан ч хүмүүс асуух л болно. Харин үүнд тохирсон, үнэн, шударга хариултыг оноосноор ажлаа үргэлжүүлж, дараа нь дүнгээ тавиулдаг. Хамгийн энгийн зарчим энэ. Бүгд чимээгүй, хүлцсэн, дор бүрнээ дуугүй сууж довоо борлуулсан тийм нийгэм дотроосоо өтдөг.
Тийм ээ, бид асуулт тавих эрхтэй, хотын дарга аа! Та ч хариулах ёстой. Харин тавьсан асуулт нь таны эсвээс таны өрсөлдөгчөөс үл хамаараад ард иргэдийн мэдэх эрхийн талд байх учиртайг бусад нь мөн ухамсарлах нь зүй.