
Итали улсад болсон өвлийн олимпын наадмын талаар тус улсад амьдарч буй иргэн С.Ихбаяртай ярилцлаа. Милан хотод 18 дахь жилдээ гэр бүлээрээ амьдарч буй түүний хувьд олимпын наадмын нээлтийг үзэж, Монголын тамирчдын загварын хувцсаар бахархаж байснаа хэлсэн юм. С.Ихбаяр сүүлийн жилүүдэд Итали-Монголын хооронд хувийн бизнесээ эрхэлж байна.
-Милан хотод болсон олимпын нээлт онцгой боллоо. Та нээлтийн арга хэмжээг үзсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Бидний хувьд өвлийн олимпын наадамд оролцож байгаа нь сайхан байна. Уг нь Монголд өвлийн олимп хангалттай хөгжих боломж бий. Манай улсад өвлийн улирал урт болдогоороо онцлог шүү дээ. Энэ олимпиор Монголын баг гурван тамирчинтай оролцсон ч гэлээ нээлт эхлэхээс өмнө олны анхааралд өртлөө. Олимп дөхөх тусам Милан хотод олон арга хэмжээ зохиогдсон. Тиймээс монгол хүний хувьд тамирчдынхаа амжилтыг хүлээж байлаа. Нээлтийн ёслолд өмссөн хувцас үнэхээр цаг үеэ олсон загвар. Гоёл кашмерийн загварын хувцас олонд хүрч эхэлсэн нь нээлтийг үзэхээс аргагүй байдалд оруулсан гэж болно. Алдарт Сан Сиро цэнгэлдэх хүрээлэн өвлийн спортын алдартнуудаар дүүрсэн мөчийг харах сайхан байсан. Монгол тамирчдын бахархалтайгаар гарах мөч бол гайхам байлаа. Хөлбөмбөгийн фанатуудын хамгийн их зорин ирдэг Сан Сиро ордонд Монголын багийн төлөөлөл болж үзэгчийн суудлаас баг тамирчдаа дэмжиж чадсан.

-Таны хувьд нээлтийн үйл ажиллагааны онцлох агшин юу байсан бэ?
-Мэдээж Италийн ард түмнийг дуурийн урлагийн оддоор нь бахархахгүй байхын аргагүй. Хүн бүр энэ олимпиор олон алдартнуудыг харж чадсан байх. Бас загварын үзүүлбэр гээд сонирхол татмаар зүйл их. Нээлтийн ажиллагааны орон орны жагсаал сүрлэг болсон. Франц, Норвег, Швед гээд Европын орнуудын өвлийн спортын баатруудыг харахад сүрдмээр ч юм шиг. Мэдээж өвлийн спорт өндөр түвшинд хөгжсөн орнууд бол хүчирхэг хэвээр л байдаг юм байна. Италийн ард түмэн энэ олимпын наадамд маш их хичээл зүтгэл гаргасныг бэлтгэл ажлаас нь мэднэ. Үнэхээр онцлог нээлт болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Итали улсад болдог томоохон олон улсын үзэсгэлэн Милан хотод болдог учраас олны анхаарлыг эрт татсан. Андреа Бочелли гээд алдартнуудыг үзэх сайхан байлаа.
-Өвлийн олимпын тоглолтуудаас аль нь танд сонирхолтой санагдсан бэ? Магадгүй хоккейн тэмцээнийг илүү их үзэв үү?
-Милан хотод уран гулгалт, хоккейн тэмцээн болсон болохоор дэлхийн том багуудын тоглолтуудыг үзэх боломж гарлаа. Үнэхээр мартагдашгүй тоглолтууд болж үлдлээ. Милан хотод мөсний дэлхийн одод цугларлаа. Бас л сонирхолтой үйл явдал их болсон. Милан хотоос гадна Кортина дахь цанын баазын зочдоор дүүрсэн шүү. Надад хамгийн анхаарал татсан төрөл бол цанын харайлт /трамплин харайлт/ байсан. Үнэхээр сонирхолтой төрөл юм билээ. Энэ төрлийн тэмцээнийг яг дэргэдээс нь үзэж чадсан. Тухайн үед манай улсад өвлийн спортын төрлүүд илүү их хөгжөөсэй гэж санагдсан.
-Та Италид өвлийн олимп болж байгааг дэргэдээс үзэж байгаа цөөн монгол иргэдийн нэг. Магадгүй бидэнд өвлийн спортыг хөгжих ямар боломж байна гэж харж байна вэ?
-Би гэр бүлээрээ Милан хотод амьдардаг. Энэ олимпын бэлтгэл ажил гээд бүтээн байгуулалтыг хараад эх оронд минь ч гэсэн ингээд өвлийн наадам болоосой гэж боддог. Уг нь бидэнд өвлийн спортын хөгжих боломж бий. Бид чинь цасны орон шүү дээ. Гэхдээ мэдээж хөгжих олон шалтгаан байдаг байх. Сүүлийн жилүүдэд гүйлтийн цанын тамирчид эрхээ аваад оролцож байна. Энэ удаа уулын цанын нэг тамирчин ирсэн. Тэгэхээр цаашид өвлийн спортын төрлөөр хичээллэж байгаа залуус нэмэгдэж илүү сайн хөгжөөсэй гэж хүсэж байна. Аль спортын төрөл нь бидэнд тохиромжтой болохыг илүү сайн судлах хэрэгтэй байх.
-Итали улсад дуурийн дуучин Э.Амартүвшин ирж дуулж байгаа. Энэ хэрээр бид Итали улстай илүү ойр болж байна гэж харж байна?
-Дуурийн өлгий Италид гадны дуучин дуулахад хэцүү. Гэтэл сүүлийн жилүүдэд Э.Амартүвшин ур чадвараараа энд дуулж байна. Энэ бол бидний цөөхөн монголчуудын хувьд бахархам мэдээ. Италид олон жил амьдарч байгаа хүний хувьд Монголын дуучин Ла Скала театрт дуулахыг хараад бахархдаг. Түүний тоглолтыг олон удаа дэргэдээс нь үзлээ. Тэр том театр бүхэлдээ Э.Амартүвшингээр амьсгалж байхыг харах үнэхээр бахдам. Түүний араас олон дуучин энэ алдартай тайзан дээр дуулна гэдэгт итгэдэг. Э.Амартүвшин олимпын үеэр хамгийн их анхаарал татаж байсан Верона хотын тайзан дээр ч дуулсан шүү дээ. Би Э.Амартүвшинг сайхан монгол эр хүн гэж хэлнэ. Бид хээгүй гэж ярьдаг даа. Тийм л хүн. Түүний тоглолтыг Италийн олон театр үзэх боломж гарч байгаад баярлаж явна.

-Таны хувьд Итали улсад яагаад амьдрах болсон бэ. Миланд амьдардаг ганц монгол гэр бүл гэж сонслоо?
-Бид хоёр олон жилийн өмнө хүүхдүүдээ аваад Итали улсад ирсэн. Тухайн үед хүүхдүүд маань бага байлаа. Милан хотод амьдрах хүсэлтээ илэрхийлж энд суурьших боломж гарсан юм. Хүүхдүүд маань багаасаа итали цэцэрлэгээр хүмүүжиж, одоо их сургуульд суралцаж байна. Бид сүүлийн жилүүдэд зуны улиралд эх орондоо очдог болсон.
-Олимпын наадмаар дамжуулаад монголчууд Италид олноороо ирлээ. Мөн хоёр улсын бизнесийн харилцаа өргөжин тэлж байгаа нь олон олон арга хэмжээнээс харагдаж байна?
-Энэ олимпын наадмаар олон монгол иргэдтэйгээ уулзлаа. Тамирчдынхаа нээлтийн арга хэмжээнд жагсахыг харах, уралдаан тэмцээнийг үзэх гээд олимпын наадмаас сайхан дурсамжтай үлдлээ. Одоо Италид аялал жуулчлалаар ирэх иргэдийн тоо нэмэгдэнэ. Мөн Ром хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдаад сайхан байна. Энэ нь их олон талын ач холбогдолтой. Мэдээж бидэнд бизнесээ өргөжүүлэх давуу боломжууд гарч ирлээ. Сая нээлтийн үеэр тамирчдын ёслолын хувцсаар дамжуулан Монголын ноолуур дахин олны анхаарлыг татлаа. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн айлчлал Ром хотод болсон. Монгол-Италийн хооронд бизнес эрхлэгчдийн дунд том боломжууд гарч эхэллээ. Энэ улсад олон жил амьдарч байгаа хүний хувьд аль болох хоёр орны бизнесийн харилцаанд бага ч болов хувь нэмрээ оруулж явна.

