
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн пара наадмын таеквондогийн төрөлд Монгол Улсын баг дахин медалийн болзол хангалаа. Өнөөдөр пара таеквондогийн эрэгтэйчүүдийн К44-63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медалийн төлөө тоглохоор шалгарав. Түүний өрсөлдөгч Узбекистаны Кудратян юм. Уг тулаан Улаанбаатарын цагаар 18:00 цагаас болно.
Г.Болор-Эрдэнэ шөвгийн наймд Казахстаны тамирчин Айбек Жумангалиг 12:1, 24:8-аар, хагас шигшээд Ираны Саид Саденганпоурыг 12:02, 12:10-аар ялж, аваргын төлөө тоглохоор шалгарсан юм.
Мөн эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Шинэбаяр шөвгийн наймд Узбекистаны тамирчин Жавохир Аликуловт ялагдсан ч дагах тойрогт тулалдана.
Монголын пара таеквондогийн багаас эхний өдөр “Парис 2024” Паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин У.Сүрэнжав алтан медаль хүртсэн юм. Тэгвэл өнөөдөр мөн “Парис 2024” Паралимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ шигшээ тулаанд шалгарлаа.