
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Өнөөдөр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд шатахууны нөхцөл байдал болон татан авалтын асуудлаар өгсөн мэдээллээс хүргэе.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв - Шатахуун олголтыг 50 000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100 000 төгрөгт хүргэх судалгаа хийж байгаа. Маргаашаас 100 000 төгрөг рүү шилжүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
БНХАУ-аас онгоцны 3000 тонн дизель түлш импортлох зөвшөөрөл авч, 1000 тонн нь эхнээсээ Улаанбаатар хотод орж ирж байна. 2000 тонн дизель түлш Замын-Үүдэд шилжүүлэн ачилт хийгдэж байгаа. Үүний дараа 6000 тонн автобензин нийлүүлэгдэхээр ачилтад бэлэн болсон.
ОХУ-тай наймдугаар сард авах бүтээгдэхүүний хэмжээг баталгаажуулсан. Ачилтыг нэмэгдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ярилцахаар Г.Дамдинням сайд маргааш Москва хотод ажиллана. Татварын бүртгэлийн систем болон бусад и-монголиа системтэй хамтарч иргэддээ бодит мэдээлэл хүргэх үүднээс апликейшн хөгжүүлж байгааг дуулгасан.
Ялангуяа нийслэл хотод Тасганы овоо, Энхтайваны гүүр, Нарны замын дагуу өндөр ачаалал үүсгэдэг. Зарим дүүрэгт ачаалал бага байдаг гэсэн тонн мэдээлэл бий. Өнгөрсөн өдрийн мэдээллээр Сүхбаатар дүүрэгт 11 000 тээврийн хэрэгсэл шатахуун авсан бол Баянгол дүүрэгт 3000 тээврийн хэрэгсэл авсан байна. Тиймээс энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэх ажлыг хэрэгжүүлнэ.
Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч - Засгийн газрын тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татвар болон бусад татварын тарифыг 0 хувь болгон тэглэх шийдвэр гарсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар шатахууны нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь Сүхбаатар боомтоор нэвтэрч байгаа бөгөөд ихэнхийг нь төмөр замаар, үлдсэн хэсгийг авто тээврээр тээвэрлэж байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир -Нийслэл хотод шатахуун түгээх станцуудын орчимд тодорхой хэмжээний дараалал үүсэж байна. Тухайлбал, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам дагуух ШТС-уудын орчимд ачаалал их байна. Иймээс иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, бусдад саад учруулахгүйгээр хөдөлгөөнд оролцохыг хүсье.
УБТЗ-ын хэвлэлийн төлөөлөгч -ОХУ-ын Наушки өртөөнөөс 203 вагон АИ-92 автобензин, 367 вагон дизель түлш хүлээн авч байна. Энэ нь хоногт дунджаар 34 вагон бензин, 61 вагон дизель түлш орж ирж байгаатай тэнцэж байгаа юм. Шилжүүлэн тээвэрлэх ажлыг тухай бүрд нь шуурхай зохион байгуулж байна.
Татварын байгууллагын төлөөлөгч - Энэ сарын 6-ны өдрийн байдлаар үнийн интервалаар яривал нийт 11 000 хэрэглэгч 10-40 мянган төгрөгийн хооронд шатахуун худалдсан авсан. 50 000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр 40 гаруй мянган иргэн шатахуун худалдан авсан байна.
Судалгаагаар ажиглагдаж буй зүйл нь давтан авалтын тоо маш их байна. Жолооч нэг шатахуун станц дээр оочерлож байгаад дараагийнх дээр дахин оочерлож буй тохиолдол нийт хэрэглэгчийн 40 хувийг эзэлсэн.
Зарим иргэн 10 000 төгрөгөөр худалдан авалт хийж байгаа буюу машины банк нь нэлээд бензинтэй байгаа хэрнээ нэмж дүүргэж дахин дахин оочер үүсгэж байна. Өдөрт 1500 хүн 10 000 төгрөгийн шатахуун худалдан авч байгаа нь хиймэл түгжрэлийг үүсгэдэг. Штабаас гаргасан 50 000 төгрөгийн хэрэглээнээс гадна дахин худалдан авч, оочер дугаар үүсгэж байна гэлээ.