
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 1-нд Польшид эхэлнэ. Уг тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг Варшав хотыг зорилоо.
“Варшав 2026” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөх бөгөөд багууд дөрвөн хэсэгт хуваагдсан. Монгол Улсын эрэгтэй баг “В” хэсэгт АНУ, Латви, Чех болон талбайн эзэн Польшийн багтай багтсан. Харин ДАШТ-ийн мөнгөн медальт манай эмэгтэй баг “В” хэсэгт Испани, АНУ, Унгар, Австралийн багтай өрсөлдөх юм.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2012 оноос эхлэн зохион байгуулж байна. Манай эрэгтэй баг 2018 онд наймдугаар байрт шалгарч байсан бол эмэгтэй баг 2025 онд эх орондоо болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.
