
Италийн Венец хотын Сан-Жоржо-Мажоре аралд “Homo Faber 2026: An Island of Light” олон улсын гар урлалын үзэсгэлэн гарч байна. Энэ удаагийн дөрөв дэх биеннальд дэлхийн 70 гаруй орны 500-аас дээш урлаачийн гараар бүтээсэн 700 гаруй бүтээл дэлгэгджээ.
Үзэсгэлэнг “Michelangelo Foundation” зохион байгуулж, Британийн уран бүтээлч, тайзны дизайнер Эс Девлин уран сайхны удирдлагыг нь хариуцсан байна.
“An Island of Light” буюу “Гэрлийн арал” сэдвийн хүрээнд гар урлалыг зөвхөн үзэж сонирхох эд зүйл бус, хүний гар, материал, гэрэл, хөдөлгөөн хоорондын харилцаа болгон харуулахыг зорьжээ.
Үзэсгэлэн түүхэн “Fondazione Giorgio Cini”-гийн барилга, талбайд байрлах 15 орон зайн инсталляцаар дамжиж, ус, толь, гэрэл, хөдөлгөөнт байгууламжийг гар урлалын бүтээлүүдтэй хослуулсан байна. Мөн зарим хэсэгт урлаачид өөрсдийн арга техникээ газар дээр нь үзүүлэх, зочдыг оролцуулах сургалт, уулзалт зохион байгуулж байгаа нь уран бүтээлчийн хөдөлмөрийг үзэгчдэд шууд мэдрүүлэхэд чиглэжээ.

Эс Девлиний найруулсан уг үзэсгэлэнгийн онцлог нь гар урлалын уламжлалт ойлголтыг орчин үеийн тайзны хэл, гэрэл, архитектурын шийдэлтэй нэгтгэсэнд оршино. Зарим бүтээл анх харахад чулуу, мод, керамик мэт боловч ойроос үзэхэд цаас, ган зэрэг огт өөр материалаар бүтээгдсэнийг олж харах боломжтой бөгөөд ийм “хуурмаг” материалын шийдлүүд нь гарын ур дүй, материалын боломжийг онцолж байгаа юм.
“Homo Faber 2026” зөвхөн Сан-Жоржо-Мажорегийн арлаар хязгаарлагдахгүй бөгөөд Венец даяар гар урлалтай холбоотой 20 гаруй үзэсгэлэн, уулзалт, концерт, урлаачдын урлангаар зочлох хөтөлбөрийг мөн багтаасанаж. Үзэсгэлэн есдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.