Үндэсний их баяр наадмын өмнө болдог сорилго тэмцээн орон нутагт цувралаар болж байна. Өмнөговь аймагт “Говийн бүсийн чуулга” үндэсний сурын харваанд харваач Ж.Нарантуяа түрүүллээ. Тэрээр 40 сумнаас 40 онож нэгэн өвөрмөц амжилтыг тогтоолоо.

Монголын үндэсний харваачдын холбоо, Өмнөговь аймгийн үндэсний сурын холбоо болон Гурвантэс сумын сурын салбар хороо хамтран тус тэмцээнийг Хүрэн ханын хэцийн бэлд өнгөрөгч амралтын өдөр зохион байгууллаа.

Гурвантэс сумын Баясах багийн нутагт болсон тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд харваачид олноор өрсөлдөж наадмын өмнөх сорилго харвааг хийлээ.  Эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн харваач Ж.Нарантуяа нь Баян-Өлгий аймгийн харьяат аж. Тэрээр наадмын өмнөх нэгэн сорилго болсон энэхүү тэмцээнд түрүүлэхдээ нэгэн өвөрмөц амжилтыг тогтоолоо.

Монгол наадмын түүхэнд үндэсний сурын харваанд 40 сумнаас 40 онож түрүүлсэн ганцхан тохиолдол байдаг. Энэ амжилтыг 1995 оны улсын их баяр наадамд дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүү тогтоож байсан түүхтэй. Харин эмэгтэй харваачдаас наадмын өмнөх сорилго болох “Говийн бүсийн чуулга” үндэсний сурын харваанд харваач Ж.Нарантуяа мөн 40 сумнаас 40 оносон амжилтыг гаргалаа.