Өнгөрөгч онд төлбөрийн тэнцэл, тэр дундаа манай улсын үзүүлсэн болон гаднаас авсан үйлчилгээний тэнцэл гурван тэрбум долларын алдагдалтай гарсан.

Хамгийн их алдагдлыг бид аяллаас хүлээсэн. Монголчууд Вьетнам явснаас төгрөгийн ханш унаж, долларын ханш өсөж байна гэж хэлсэн Төвбанкны Ерөнхийлөгчийн үг хоосон биш. Статистик тоо ч үүнийг харуулж байгаа. Аялал жуулчлал, албан томилолтоор явсан зардлаас гадна бидний гадаадад очиж эмчлүүлэх, сурч байгаа зардлууд ч үүнд багтдаг.

Боловсролын үйлчилгээний экспорт буюу боловсролын салбараас бид 2024 онд 41.2 сая ам.доллар олсон. Харин боловсролын үйлчилгээний импорт буюу гадагшаа үүнээс 15 дахин их хэмжээний зардал гаргажээ.

Өнгөрсөн оны байдлаар 602.5 сая ам.доллароор хэмжигдэж байгаа боловсролын үйлчилгээний импорт нь манай улсын нэг жилийн төмрийн хүдрийн экспортын нийт орлого эсвэл ноолуур, малын мах гээд мал аж ахуйн салбарын нийт экспортын орлогоос давсан дүн.

Эдийн засагч А.Өлзийдэлгэр

“Жилд 600 гаруй сая ам.долларыг бид боловсрол авахад зарцуулж байгаа нь сайшаалтай зүйл гэж харж байна. Харин энэ боловсролыг авсан иргэд эх орондоо ирж, ажиллах боломж байна уу гэдэг л хамгийн том асуудал. Эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа ажиллах боломж нөхцөл байхгүйгээс төгсөөд эх орондоо ирсэн ч эргээд гадагшаа явах эсвэл анхнаасаа гадаадад ажиллах бодолтойгоор сурахаар шийдэж, энэ хэмжээний зардал гарч байгаа нь харамсалтай.”

Өндөр цалин, өсөлттэй карьерыг эрэлхийлэх нь

Дотоодод суралцагчдын тоо харьцангуй тогтвортой харагдаж байгаа ч гадаадад суралцаж байгаа монгол иргэдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Сүүлийн нэг жилийн өөрчлөлтийг харвал гадаадад суралцаж байгаа монгол иргэдийн тоо 2023 онд 39400 байсан нь 2024 онд 50100-д хүрч жилийн дотор 10 мянгаар өсжээ. Дээрх тооноос харахад дотоодод суралцаж байгаа оюутнуудын 30 хувьтай тэнцэх хэмжээний залуус гадаадад сурч байна.

Дотоодын их, дээд сургууль, коллежид суралцагчид (мянга)

2020 он 147.3

2021 он 148.9

2022 он 145.3

2023 он 145.3

2024 он 150.3

Боловсрол судлаач Э.Сүндарь

“Сүүлийн үед залуус гадагшаа явж сурах сонирхол нэмэгдэж байгаа гурван шалтгаантай. Нэгдүгээрт, хүүхэд залуусын мэдлэг, мэдээлэл, хэлний чадвар нэмэгдсэн. Өмнө нь аль нэг агентлагаар зуучлуулах, эсвэл өндөр төлбөртэй хувийн сургуулийн хүүхдүүд гадагшаа сурахаар явдаг байсан бол одоо өөрсдөө хичээгээд, бие дааж судлаад явах бүх боломж нээлттэй болсон. Хоёрдугаарт, Монголд их, дээд сургуульд сурсны дараа гадаадад ажиллах боломж хомс. Өмнө нь гадаадад сураад Монголдоо ирж ажиллана гэдэг байсан бол сүүлийн үед гадаадад сураад гадаадад ажиллах хүсэлтэй залуус олон болсон. Үүнийг тархины гоожилт гэж нэрлэдэг. Карьер, боломж нөхцөл хангалтгүй, цалин бага учраас гадаадад ажиллахыг илүүд үзэж байна. Гэр бүл зохиогоод амьдрахад хүртэл орчин, нөхцөл ээлгүй байгаагаас анхнаасаа гадаадад сурах сонголтыг залуус хийж байна. Гуравт, их, дээд сургуулийн чанарын асуудал мэдээж яригдана. Сүүлийн үеийн залуус илүү нээлттэй, чөлөөт, шүүмжлэлт сэтгэлгээтэй болсон нь багш нартайгаа үзэл бодол нийлэхгүй байх, үүнийг багш нар нь хүлээж авч чадахгүй байх зэргээр үе хоорондын зөрчил үүсэж байна. Энэ нь гадаадад сурах сонирхолд нөлөөлж байна.”

Манай улсад хөдөлмөрийн үнэлэмж цагаар бус сараар байдаг. 2024 оны байдлаар манай улсын дундаж цалин 2 сая 672 мянган төгрөгт хүрсэн. Гэхдээ энэ нь бусад улс орны цалин хөлстэй харьцуулахад хэт доогуур үзүүлэлт.

Дэлхийн улс орнуудын дундаж цалин (2024 он ам.доллар)

Швейцарь 8111

Люксембург 6633

АНУ 6455

Исланд 6441

Норвег 5665

Австрали 8651

Монгол 733

Дээд боловсролын өрсөлдөх чадвар сул

Зуу хол давсан чанаргүй их, дээд сургуулийн тоог (2019 онд 95 байгууллага байсан) 2024 онд 65 болгож бууруулсан. 2024-2025 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн 34 нь их сургууль, 29 нь дээд сургууль, хоёр нь коллеж. Харин өмчлөлийн хувьд 17 нь төрийн, 45 нь хувийн өмчийн, гурав нь олон нийтийн, шашны өмчийнх байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми

“Эх орондоо чанартай боловсрол авч чадахгүй учраас гадагшаа явж сурахыг залуус илүүтэй хүсэж байна. Энэ нь нэг талаар сайн зүйл боловч Монгол Улсын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг. Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцуулсан 2024 оны Дэлхийн авьяас ур чадварын тайланд манай улс 100 онооноос 26.47 оноо авч сүүл мушгисан. Тэр дундаа их сургуулийн боловсрол үзүүлэлтээр 67 улсаас 64-д эрэмбэлэгдсэн байгаад анхаарах хэрэгтэй.”

2023 онд салбар яамнаас их, дээд сургуулиудыг сургалтын чанар, бизнес судалгаанууд нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байдал, оюутны сургалтын орчим, дотуур байр, лаборатори зэргээр эрэмбэлсэн байдаг. Ингэхэд МУИС, АШУҮИС, ШУТИС зэрэг төрийн өмчит сургуулиуд эхний гуравт жагсжээ. Дотоодод тэргүүлж байгаа эдгээр сургуулийн дэлхийн өрсөлдөх чадвар өнөөдөр ямар байна вэ.

Монгол Улсын төрийн өмчит их сургуулиудын дэлхийн зэрэглэл

МУИС

Times Higher Education2025 1501+

Edurank 2025 2949

Qs asia university ranking 2025 381

АШУҮИС

Scimago Institutions Ranking 2025 2985

ШУТИС

Times Higher Education Багтаагүй

Чадварлаг багш-Чанартай боловсрол

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас “Эрдэмтэд дээд боловсролын тогтолцооны үндэс суурь болдог. Сургалт, судалгаа, үйлчилгээний чанар нь ур чадвартай, урам зоригтой эрдэмтэн судлаачдаас хамаардаг. Өндөр мэргэшсэн, докторын зэрэгтэй боловсон хүчний хангамж нэмэгдэж байгаа ч сүүлийн үед ЭЗХАХБ-ын олон оронд эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах нөхцөл, карьерын боломжууд муудаж байна” гэж дүгнэжээ. Энэ зовлон манай улсыг тойроогүй. Дээд боловсролын салбарт багшийн академик эрх чөлөө хязгаарлагдмал байдаг нь чадварлаг боловсон хүчнээ алдах нэг шалтгаан болсоор байна.

Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн байгууллагын ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг

“BRAIN DRAIN буюу тархины нэвчилт, гоожилт гэдэг процесс яваад эхэлчихсэн. МУИС-д багшилж байсан чадварлаг багш нар гадаадын нэр хүндтэй сургуулиудад ажиллах, хувийн салбарт орох, бие даасан судлаач болж их сургуулийг орхиж байна. Хамгийн сайн багш тогтох нөхцөл нь академик эрх чөлөө. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, судалгаа хийх, иргэний нийгэмтэй хамтран ажиллах, нийгэмд болохгүй байгаа асуудалд шийдэл олох, яриа хэлэлцүүлэгт орох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн санаа бодлыг чиглүүлэх зэрэг эрх мэдлийг бүрэн олгосон газар л оюун ухаан цэцэглэж, чанар сайжирна. Энэ эрх чөлөөг олгохгүй байгаагаас сайн багш нар энэ салбараас явж байгаа нь дээд боловсрол төдийгүй улсын ирээдүйн хөгжилд ч хортой үзэгдэл.”

2024-2025 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 5151 үндсэн багш байгаагийн 45 хувь нь доктор, 48.4 хувь нь магистрын түвшний боловсролтой байна. Харин нийт багш нарын дөрвөн хувь нь дэд профессор, профессор, академич буюу эрдмийн зэрэгтэй байгаа юм. Багш нарын 55.4 хувь нь 11 жилээс дээш ажилласан туршлагатай бол гурван багш тутмын нэг нь дотоод гадаадад урт, богино хугацаагаар мэргэжил дээшлүүлжээ.

Гэхдээ багш нарын гадаадад мэргэжил дээшлүүлэх боломж хомс байдаг нь тоон үзүүлэлтээс харагддаг. Их, дээд сургууль, коллежийн үндсэн багш нарын 6.4 хувь нь гадаадад мэргэжил дээшлүүлжээ. Төрөөс багш нарынхаа академик эрх чөлөөг олгохоос гадна ур чадвараа нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэйг судлаачид онцолж байна. Мэргэжлийн чиг баримжаа тогтоогүй залууст хөнгөлөлт, тэтгэлэг урамшуулал олгохоосоо илүү боловсролын зээлийн сангаар олгогддог Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Засгийн газрын, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцагчид олгох тэтгэлгүүдийг ч энэ чиглэлд хандуулах нь үр ашигтай гэж судлаачид үзэж байна. 2024 онд 124.8 тэрбум төгрөг байсан Боловсролын зээлийн сангийн төсөв энэ онд 175.9 тэрбум болж өссөн.

Улс орнууд боловсролын үйлчилгээний импортоороо эдийн засгаа тэтгэж байхад манай улсад харин импортоор алдаж байгаа ам.долларын урсгалыг сааруулах, дотоодын дээд боловсролын чанарыг сайжруулах сорилт тулгарлаа. Залуусын гадаадад боловсрол эзэмшихийг буруутгах аргагүй ч дээд боловсролын салбараа чиглүүлж чадахгүй байгаа салбар яам, хөгжлийн бодлогынхоо гадна энэ салбарыг орхигдуулсан төр засаг үүнд хамгийн их буруутай гэж судлаачид дүгнэж байна.