
СОР17 хурлын үйл ажиллагаа үргэлжилсээр байна.
COP17-ийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран "Монголын бэлчээрийн мал аж ахуй: Байгальд ээлтэй уламжлалт мэдлэг” номын нээлтийг хийж, өнөөгийн байгаль орчны сорилтуудыг даван туулахад бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг ямар үнэ цэн, ач холбогдолтойг онцлон хэлэлцлээ. Арга хэмжээнд төрийн байгууллагууд, судлаачид, хөгжлийн түншүүд болон малчдын төлөөлөл оролцсон юм.
Монгол малчид олон зууны турш улирлын бэлчээр сэлгэх, сүргийн бүтцийг зохистой бүрдүүлэх, мал сүрэг, нутаг орон, байгаль цаг уурыг гүнзгий танин мэдсэн мэдлэг туршлагадаа тулгуурлан бэлчээр нутгаа ашиглаж ирсэн.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь доройтолд өртөөд байгаа өнөө үед, мөн бэлчээрийн экосистемүүд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн дарамтад улам бүр өртөж буй нөхцөлд байгальд ээлтэй уламжлалт мэдлэг нь зөвхөн соёлын өв төдийгүй байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх, экологийн тэнцвэрийг сэргээхэд ашиглаж болох бодит мэдлэгийн эх сурвалж болохыг оролцогчид онцоллоо.