
Жил бүрийн аравдугаар сарын 28-нд буюу жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдрөөр Дэлхийн жүдогийн өдрийг даян дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай. 2011 онд Олон улсын жүдогийн холбооноос анх энэ өдрийг ёслон тэмдэглэж, жүдо бөхийн үнэт зүйлсийг сурталчлан таниулж байхаар болсон юм. Иймээс энэ өдрийг дэлхий нийтээр жүдочдын баяр болгон тэмдэглэдэг болоод даруй 10 гаруй жилийг үдлээ.
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2026 оны Дэлхийн жүдогийн өдрийг BELONGING буюу жүдогийн татами дээр хүн бүр тэгш эрхтэй байж, нэгэн том гэр бүлийн гишүүн гэдгээ мэдрэх, хүртээмжтэй байх уриан дор тэмдэглэж байна. Өнөөдөр дэлхийд нийт 20 сая гаруй хүн жүдогоор хичээллэж байна гэсэн судалгаа бий. Олон улсын холбоонд 200 гаруй орны үндэсний холбоо нэгдэж, жүдо бөх үнэхээр дэлхий дахины спорт болсныг батлан харуулж байгаа юм.
Монголын жүдочид энэ өдрийг өндөр амжилтаар угтаж байна. Олимпын наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Төрийн дууллаа эгшиглүүлж, ялгуулсан ялалтыг байгуулж буй жүдочдн амжилт бахдам. Өдгөө Монголын жүдочид насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан алт, дөрвөн мөнгө, 24 хүрэл, нийт 34 медаль хүртсэн байна. Анхны медалийг 1989 онд О.Балжинням, Д.Баттулга нар эх орондоо авчирч байв. Мөн олимпын наадмаас нэг алт, таван мөнгө, зургаан хүрэл, нийт 12 медаль хүртжээ. Монголын жүдочдоос 1980 онд анхны Олимпын медалиа авч байсан юм. Түүнээс хойш 1988, 1992, 2000 оныг эс тооцвол бүх Олимпоос медаль хүртсэн байна. Хамгийн сүүлд “Парис-2024” зуны олимпын наадмын цорын ганц мөнгөн медалийг 19 насандаа Б.Баасанхүү авчирч байв. Түүний хувьд энэ жилээс дахин бэлтгэлдээ гарч дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө барилдаж, олон улсын чансаагаа ахиуллаа.
Энэ жил жүдочид дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадамд гол анхаарлаа хандуулсан. Монголын жүдочид Азийн наадамд Төрийн дууллаа эгшиглүүлж, тивийн олимпод алтан медальтай орны тоонд багтсан юм. Мөн жүдочид Азарбайжанд болсон ДАШТ-д амжилтаа бататгасан гээд Олон улсын жүдо бөхийн өдрийг онцгой амжилтаар угтаж байна.
Азийн олимпын “алтан шар” жүдогийнх
Дөрвөн жилд нэг удаа болдог шар тивийн олимп болох Азийн наадамд шилдгийн шилдгүүд өрсөлдлөө. Энэ наадам бол эх орноо төлөөлөн өрсөлдөх гэсэн олон олон залуучуудын хүсэл мөрөөдлийн тивийн “олимп” юм. Мөн хоёрхон жилийн дараа болох зуны олимпын өмнөх том сорилт ч энэ наадмаар харагдлаа. Тэр дундаа бөхийн орон монголчуудын хувьд ч хамгийн их хүлээлэлтэй наадам байдаг. Иймдээ ч Азийн наадмын тоглолтууд “Лос-Анжелес 2028” зуны олимпын наадмын өмнөх том даваа байсан юм. Энэ наадмаас Монгол Улсын баг алт, нэг мөнгө, 13 хүрэл, нийт 15 медальтайгаар 27-р байрт жагслаа. Наадмын онцлох төрлүүд болох бокс, байт харваа, чөлөөт бөхийн төрлүүдэд манай тамирчид алтын төлөө өрсөлдөж чадсангүй. “Жакарта-Палембанг 2018”, “Ханжоу-2022” Азийн наадамд хагартлаа баярлаж байсан гурваас дээш алт, таваас дээш мөнгөн медальд энэ удаа дөхөж очоогүй. Харин олимпын наадмын итгэл найдвар болсон өнөөх жүдочид өнгөнд яваагаа харуулж, Монголын багийг 40-р байраас 27 байр хүртэл дэвшүүлж чадлаа. 2025 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй багийн цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирч байсан К.Ёолк энэ жил Азийн наадамд Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Түүний хувьд өнгөрсөн жилийн ДАШТ-д үзүүлсэн амжилтаа энэ удаа ахиулж, бататгалаа. К.Ёолк энэ удаа багийн гол найдвар байсан юм. Тэр Төрийн дууллаа Японы тэнгэрт эгшиглүүлэх учиртай байж. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа финалын барилдаанд олимп, дэлхийн аварга Хо Ми Митэй барилдсан гээд дуулгах сонин ихтэй наадмын цорын ганц мөнгийг тэр авчирлаа. 19 насандаа тивийн шилдгүүдээ бариллдаж, торолгүйхэн финалд шалгарсан түүнийг үүнээс илүү том амжилт хүлээж буй. Эдгээр жүдочдын авсан алт, мөнгөн медалийн ачаар Монголын баг Шри-Ланк, Пакистан, Ирак, Туркменистан, Афганистан улсын урд жагсаж чадлаа. Энэ байдлаас харахад ачааны гол үүргийг тэд үүрсээр, тэмүүлж зүтгэсээр байна. Жүдочдын амжилт 2008 оноос эрс сэргэж, өнөөдөр ч тэд Монголын багийн өнгө нь болж байгааг Азийн наадамд дахин харуулсан юм.
Азийн наадмын амжилтыг ахиулаад Азарбайжанд давтсан Л.Энхрийлэнгийн дуулиант ялалтууд
Олимп ойртсон жилүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн их анхаарал татдаг. Тиймээс жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн Азарбайжаны Баку хотод болж шинэ аваргуудыг тодрууллаа. 93 орны баг тамирчид оролцсон тус тэмцээнээс Монгол Улсын баг медаль хүртсэн орны тоонд багтаж, дахин амжилтаа бататгаж чадав. Мөн гурван ч жүдоч хүрэл медалийн төлөө барилдаж, тавдугаар байр эзэлсэн юм. Энэ тэмцээн Азийн наадмын дараа залгуулаад болсон ч гэлээ ачаалал нь дэндүү хүнд байсан жүдогийн баг дахин Төрийн далбаагаа Бакугийн тэнгэрт мандуулж чадсан юм. Энэ жилийн ДАШТ ирэх жил цаашлаад ирж буй олимпын наадмын өмнөх сорилт. Энэ тэмцээнээс жүдогийн өлгий гэх Японы баг тамирчид долоогоос дээш алтан медаль хүртэж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулаад авсан. Мөн Испани, Азарбайжан, Гүржийн баг тэдний ард алтан медалийн тоогоор бичигдсэн ч олимпын өмнөх сорилт ондоо түвшинд байна гэдгийг харуулаад авлаа. Дэлхийн орон бүрт жүдогийн хөгжил өндөр түвшинд хүрч тэр хэрээр монголчууд ч медалийн төлөө өрсөлдөхөд хатуухан болсныг “Баку-2026”-гийн дүн харуулж өгөв.
63 кг-ын жинд барилдсан өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч долоодугаар байр эзэлсэн. Түүний хувьд энэ жил ч медалийн өнгө харагдаж байв. Б.Ганхайч холимог багийн шийдвэрлэх барилдаанд багийнхаа чухал ялалтыг авсан. Түүний ачаар Монголын баг Туркийн багийг 4:3-аар ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багаа медаль хүртсэн орны тоонд багтаасан юм. Мөн долоо хоногийн зайтай болсон Азийн наадам болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Энхрийлэнгийн ялалтууд энэ оны онцлох дуулианаар бичигдлээ. Өнгөрсөн жилийн дэлхийн дэвжээний ялагдал өнөө жил Азий наадам болон Азарбайжанд ялалтын буухиагаар үргэлжилсэн юм.
Гавьяат тамирчин Б.Баасанхүү, Ё.Басхүү нарын Бакуд барилдсан шалтгаан
48 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Баасанхүү барилдаж, хүрэл медалийн оосроос атгаад алдсан. Хоёрхон жилийн өмнө олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, Монголын багийн ганц медаль авчирч байсан түүний хувьд хувийн амьдралдаа анхаарч ээж болсны дараа дэвжээндээ эргэн ирж байгаа нь энэ. Гэхдээ тэр жингийнхээ хүчтэй өрсөлдөгч хэвээр байгааг Бакуд харуулсан юм.
Эрэгтэй 66 кг-д бас л сонголт ихтэй байлаа. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэлтэй ирсэн К.Ёолкыг Азийн наадмын бүрэлдэхүүнд багтаасан. Харин 2021, 2023 оны ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүүг Бакугийн багт оруулсан нь багийн сонголт зөв байсан уу гэдэгт эргэлзэж байв. Учир нь тэрээр өнгөрсөн жилийн ДАШТ-ийг шөвгийн 32-с өндөрлүүлж, энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медальгүй хоцроод байсан юм. Гэвч Ё.Басхүү гавьяат бэлтгэлийг чамбай хийж, сорилтыг сайн давж чадсан. Үүнийг ч ерөнхий дасгалжуулагч У.Эрдэнэбаатар анзаарч чадсан нь үр дүнгээ өгсөн юм. 33 насандаа дахин дэлхийн дэвжээнд барилдахдаа медалийн төлөө хүчээ үзсэн Ё.Басхүүгийн хувьд ирэх жил илүү хүчтэй орж ирэх нь эндээс харагдав. Учир нь олимпын өмнөх жил учраас түүнд дэлхийн чансааны оноо чухал юм.
Монголчууд дэлхийн дэвжээнд хоорондоо өрсөлдөх үе иржээ
Жүдо бөхийн хөгжилд хүч түрэн орж буй Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс Б.Хорлоодой нарын жүдочид барилдаж эхэлсэнээс хойш түүний араас арабыг сонгох жүдочид их боллоо. Энэ нь аргагүй юм. Монголын дотоодын өрсөлдөөн их болсон энэ үед эмэгтэй жүдочдоос О.Оюунчимэг, өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар ч Арабын нэр дээрээс барилдаж эхэллээ. 2026 оны ДАШТ-ий 57 кг-д О.Оюунчимэг барилдаж, хоёр ялалт авч шөвгийн 16-д үлдсэн. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Б.Нармандах шөвгийн наймд Ё.Басхүүтэй таарахад ч ойр байлаа. Энэ мэтчилэн Монголын жүдочид дэлхийн дэвжээнд хоорондоо таарах нь хол биш байна.
Үта Абэ /”Токио-2020” олимп болон дэлхийн зургаан удаагийн аварга/
Хамгийн хүнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Тэд миний эсрэг янз бүрийн зүйл бэлтгэжээ. Татами дээр айдас төрсөн шүү. Ялна гэхэд үнэхээр хэцүү юм гэдгийг мэдэрсэн тэмцээн боллоо. Ирэх жилийн ДАШТ-д гадаадын тамирчид ур чадвараа сайжруулаад ирэх нь ойлгомжтой байна. Би ч гэсэн 2028 оны олимпын өмнөх тэмцээнд илүү хүчтэй орж ирнэ. 2027 онд илүү сайн Абэ Үтаг харуулах болно.
Япончуудын бидэнд өгсөн 90 кг
Энэ жилийн ДАШТ-ийг Монголын баг эрэгтэй 90 кг-д тамирчин илгээгээгүй юм. Монголын хүнд жингийн бөхчүүд ихэвчлэн +100 кг-д барилдах эсвэл үндэсний бөх рүү орчихдог учир 90 кг-д дэлхийн дэвжээнд гарах бөх байсангүй. Харин энэ жинд Японы Санширо Мүрао, Гоки Тажима нар финалдаж тэд ч жиндээ ноёрхож байгаагаа харуулаад авлаа. Олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Санширо АНУ-д төрсөн ч япон аав, америк ээжтэй. Гэхдээ тэр багаасаа Японд өсөж, улсынхаа шигшээ багт багтсан юм. Өдгөө тэр жингийнхээ чансааг тэргүүлж байгаа. Ийм нэг биш хоёр ч бөх нь дэлхийн дэвжээнд алт, мөнгийн төлөө эрэмбэлэгдэн зогсож байгаа энэ үед Японы бөхчүүд Монголыг сонгох боллоо. Ирэх жилээс эхлэн бид 90 кг-д Монголын Кокүкэ Машияма гэх жүдочтой болно. 2022 онд бага дэлхийн аварга гэгддэг Токиогийн “Их дуулга”-д түрүүлж байсан тэрээр Монголын жүдогийн гишүүн болсон. Кокүкэ Машияма олимп, дэлхийн аварга болох мөрөөдлөө Монголын багаас эхлүүлэх юм. Бидний монгол бөхчүүд дэлхийн дэвжээнд хоорондоо барилдах үе ойрхон байна гэж ярих зуур япон бөхчүүд ч хоорондоо таарах тохиол ч гарч мэдэх боллоо, ирэх жилээс.
Залуучуудын анхдугаар гранприд Монголын баг 10-р байрт жагсав
Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн чансааны оноо олгох залуучуудын ангиллын гранпри тэмцээнийг анх удаа Тажикстаны Душанбе хотод зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. 19 орны 227 залуу жүдочид өрсөлдсөн тус тэмцээнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан Б.Бат-Энэрэл мөнгөн медаль хүртэж, багаа медалтай орны тоонд багтаасан юм. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Т.Отгонжаргал, Б.Түмэнжаргал, 52 кг-д Г.Бямбасүрэн нар хүрэл медалийн төлөө барилдсан гээд анхдугаар гранприд амжилтаа тодоор бичсэн залгамж халаа хүчтэй байгааг харуулаад авлаа. Энэ тэмцээнд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын удирдлагад оролцсон манай баг нэг мөнгө, гурван тавдугаар байр, нэг долоодугаар байрыг эзэлсэн амжилтаар 10-р байрыг эзэлсэн юм. Тэмцээнийг ОХУ-ын баг найман алт, гурван мөнгө, найман хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Казахстаны баг хоёр алтан медальтайгаар удаалжээ. Анхдугаар тэмцээнийг зохион байгуулагч Тажикстаны баг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар гуравт жагссан бол Беларус, Польш, Египетийн баг нэг аваргатай буцсан байна. 12 орон медаль хүртсэнээс Тунис нэг мөнгө, Кыргизстан нэг хүрэл медальтайгаар жагсаалтад багтжээ.
Оны сүүлийн олимпод Х.Цагаанбаатарын шавь багтжээ
Энэ оны спортын онцлох үйл явдал хоёрдугаар сард Итали улсад болсон “Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмаар эхэлсэн. Тэгвэл оны сүүлийн олимп болох залуучуудын зуны олимпын IV наадам Сенегалын Дакар хотод эхлэхэд гурав хоног үлдлээ. Олон улсын олимпын хорооноос өсвөр үеийн шилдэг залуусыг тодруулах зорилготойгоор өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулж ирсэн. Залуучуудын зуны олимпын наадам 2010 онд Сингапурт болж байсагн бол найман жилийн дараа IV наадам Африк тивд болох гэж байна. Энэ наадамд Монгол Улсаас 3х3 сагсанбөмбөг, усан спорт, жүдо, дугуй, элсний бөх, боксын төрөлд эрх авсан 10 тамирчин оролцоно. Тэдний дунд жүдо бөхөөр 17 настай Т.Төгсхүслэн оролцохоор болжээ. 6 настайгаасаа жүдо бөхөөр хичээллэсэн түүний хувьд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын шавь болсноор өдгөө залуучуудын олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Дорнод нутгийн хүү Т.Төгсхүслэн өнөөдөр “Дакар 2026”-д Монголын багийн тугчаар сонгогдсон гээд давхар давхар баяр жүдочдын баярын өдөр тохиолоо.
Өдгөө Монголын 21 аймаг, есөн дүүрэгт албан ёсны бүртгэлтэй 160 орчим дэвжээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл Дэлхийн жүдогийн өдөртэй давхцуулан өнөөдөр үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар “Зэл” жүдо бөхийн дэвжээгээ нээсэн гээд жүдочдын баярын өдрийн баярт мэдээлэл их байна.

