
“Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн наадам энэ жил 23 дахь удаагаа буюу Улаанбаатар хотод анх удаа болж байна. Наадмын хүрээнд Сингапур, БНСУ, Шри-Ланк, Филиппин, Малайз, Индонез болон Вьетнам, Австралиас ирсэн гэрэл зурагчид Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлал, соёлын онцлог бүхий байршилд зураг авалтыг хийж эхэлжээ.
“Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг тус наадам зөвхөн гэрэл зургийн наадам бус, улс орнуудын найрамдал, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын нэр хүндтэй санаачилга юм. Энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдыг нэгэн зорилгын дор нэгтгэн, гэрэл зургийн урлагаар дамжуулан улс орнуудыг холбох гүүр болдгоороо онцлогтой. Наадам Монголын түүх, соёл, шашин, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, байгалийн өвөрмөц тогтоц, нийслэл Улаанбаатарыг олон улсын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах ач холбогдолтой юм.
9 орны 150 гаруй гэрэл зурагчин, оролцогч оролцож буй тус наадам энэ сарын 9-нд өндөрлөнө.