
Ноэл Рэддинг, Мич Митчелл нарын өв залгамжлагчид Их Британийн дээд шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ялагджээ.
Тэд Sony Music Entertainment UK (SMEUK)-ийн эсрэг зарга үүсгэж, өөрсдөд нь зохиогчийн эрх болон гүйцэтгэгчийн эрх (performers’ rights) хамаарна гэж мэдэгдсэн байна.
Уг хэрэг нь 1960-аад онд бичигдсэн The Jimi Hendrix Experience хамтлагийн ойролцоогоор 40 студийн бичлэгтэй холбоотой маргаан юм.
Рэддинг болон Митчелл нар 1966 онд Хендрикстэй хамтран хамтлагаа байгуулсан бөгөөд хамтлаг 1970 онд Хендриксийн нас барахаас өмнөхөн таржээ.
Өв залгамжлагчид бичлэгүүдийн зохиогчийн эрхийн эзэмшилд өөрсдийн хувь хэмжээг тогтоолгох, мөн гүйцэтгэлийн эрхтэй холбоотой өмчлөлд оролцох эрхтэй гэдгээ тогтоолгохыг хүссэн байна. Мөн өөрсдөд нь ямар хэмжээний төлбөр ногдох байсан талаар шүүхийн шалгалт хийлгэхийг шаарджээ.
Харин SMEUK энэ нэхэмжлэлийг үгүйсгэж, анхны бичлэгийн зохиогчийн эрх нь хөгжимчдөд биш, харин продюсеруудад хамаардаг тул Рэддинг, Митчелл нарын өв залгамжлагчид уг эрхэд хамаарахгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна.
Шийдвэртээ шүүгч Жонсон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бичлэгийн гэрээний нэг заалт “тодорхой бөгөөд маргаангүй” байсан гэж дүгнэжээ. Тэрээр “Продюсерууд болон хамтлагийн гишүүд бичлэгүүдийн дэлхий даяарх зохиогчийн эрхийг продюсерууд эзэмшихээр тохиролцсон… Энэ тохиролцоонд хугацаа болон газар нутгийн ямар нэгэн хязгаарлалт байгаагүй” гэжээ.
Рэддинг болон Митчелл нар хамтлагийн гурван студийн цомог болох Are You Experienced, Axis: Bold as Love, Electric Ladyland дээр тоглосон бөгөөд эдгээр нь психоделик рок урсгалын түүхэн бүтээлүүдэд тооцогддог. Эдгээр цомогт “Purple Haze”, “Little Wing”, “Hey Joe”, “Foxey Lady” зэрэг алдартай дуунууд багтдаг.
SMEUK-ийн төлөөлөгч энэ хэрэг дөрвөн жил гаруйн дараа дууссанд “талархаж байна” хэмээгээд, шүүхээс ямар нэгэн эрх нь зөрчигдөөгүй болохыг баталж, тус компани уг бичлэгүүдийн эрхийг бүрэн ашиглах эрхтэй гэдгийг нотолсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Мөн технологийн хөгжил хөгжмийн салбарт нөлөөлж байгаа ч тодорхой, бүрэн гэрээнүүдийг талууд болон тэдний залгамжлагчид хүндэтгэх нь чухал гэж онцолсон байна.
Experience Hendrix компанийн гүйцэтгэх захирал Хендриксийн эгч Жэни Хэндрикс “Ноэл болон Митчийн талаар надад зөвхөн сайхан дурсамжууд байдаг. Манай компани тэдэнтэй урт хугацаанд хамтран ажилласан нь Хендриксийн түүхийн нэг хэсэг болсон хөгжимчдийг хүндэтгэж, дэмжих тогтвортой бодлогыг илэрхийлдэг” гэж мэдэгджээ.