
Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх аймгийн заан Б.Лхагварагчаатай ярилцлаа.
-Юуны түрүүнд аймгийн цолонд хүрсэнд баяр хүргэе. “Хоёр заан”-ы цолны мялаалгын баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Намрын эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр үеэл дүү болох улсын заан Б.Сундуйжав бид хоёрын шинэ цолны наадам боллоо. Энэ жилийн бэлтгэл сайн байсан. Бэлтгэл сургуулилтаа сайн хангаж чадлаа. Би энэ жил Дорноговь аймгийн баяр наадамд зургаа давж аймгийн заан цол хүртлээ. Нутгийн зон олныхоо итгэлийг дааж, аймгийн цолонд хүрсэндээ баяртай байна.
-Баянхайрханчууд аймгийн шинэ цолтонтой боллоо. Ингэхэд багаасаа аймгийн өсвөрийн барилдаанд түрүүлж байсан гэсэн. Мэдээж бөхчүүдийн дэмжлэг их байсан байх?
-Манайх Баянхайрханы Асгат багийнх. Аав, ээж минь малчин хүмүүс байдаг. Мэдээж бөхийн барилдаан их үзнэ. Аль болох боломж гарвал хүүхдийн барилдаанд барилдаад үзчих гээд байнгын нэг догдлолтой байсан. Аймагт болдог хүүхдийн барилдаанд гурван жил дараалан түрүүлсэн. Тухайн үед бэлтгэл хийгээд тэмцээнд оролцох нь ховор байжээ. Нэг удаа суманд болсон барилдааны үеэр Б.Бадамсүрэн начинтай уулзах боломж гарч байв. Тухайн үед надад “Чи бэлтгэл хийгээд барилдах юм бол том цолонд хүрч чадна” гэж байсан. Тэгээд их урамшсан даа.
-Улсын шонхор болж байсан тухайд?
- 2017 оны Төрийн их баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнг даган очиж байсан. Тэр жилийн төрийн наадмын өсвөрийн барилдаанд барилдсан. Аймагтаа түрүүлчихсэн учраас бас бэлтгэл 2-3 сар хийчихсэн. Тэр жилийн наадмын барилдаан сайхан болсон. Бөхийн амжилтаа би ингэж эхэлж байсан. Тухайн үед улсын наадмыг үзэхийн хажуугаар барилдаад үзнэ дээ гэж очиж байлаа. Б.Бадамсүрэн начныг дагаж бэлтгэлээ хийсэн болохоор өсвөрийн барилдаанд түрүүлж, улсын шонхор болж байв. 10-р ангид ордог жилээ энэ амжилтыг үзүүлж байсан. Энэ барилдаанаас эхлээд их урам авсан даа.
-Бөхийн өргөөний барилдаанд тогтмол сайн барилдлаа. Бөхийн бэлтгэлийн арга барилаас хуваалцаач?
-Бөхийн өргөөнд болдог сумын цолтнуудын барилдаанд тогтмол сайн барилдсан. Энэ маань бэлтгэл сургуулилттай их холбоотой. Чансаагаар шигшээ аравт бичигддэг байсан. Мэдээж наадам бүрээр аймгийн цолонд хүрэх гээд тэмүүлнэ. Энэ жил бэлтгэл сургуулилт сайн байсан болохоор говийн наадмаас аймгийн цолонд хүрлээ. Би энэ жил хүчний бэлтгэлээ хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Март багш дээр хийсэн. Чөлөөт бөхийн бэлтгэлээ гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаярын удирдлага дор хангасан. Мөн хажуугаар нь “Завхан Даян” дэвжээний багш Ш.Пүрэвгарьд багш дээрээ хийсэн. 2018 оноос надад барилдааны арга ухааныг заасан Гончигдамба багш маань голлон хариуцан хийсэн байгаа.

-Чөлөөт бөхийн бэлтгэлийг үндсэн бэлтгэлийн хажуугаар хослуулдаг нь давуу тал болж байна уу?
-Би үндэсний бөхөөрөө дагнан барилддаг. Чөлөөт бөхийн бэлтгэл хийхэд үндэсний бөхөөр барилдах үед их дэм болдог. Надад их сонирхолтой байдаг. Миний хувьд чөлөөтийн бэлтгэл хийдэг ч тэмцээн уралдаанд оролцдоггүй. Үндэсний бөхөөр амжилт гаргахын тулд чөлөөт бөхийн бэлтгэлийг давхар хослуулдаг.
-Энэ жил Завханы олон бөхчүүд цолоо ахиуллаа. Таны үеэл аймгийн начнаас улсын заан боллоо. Үеэлийнхээ тухай юу хэлэх вэ?
-Би анх хүүхдийн барилдаанд түрүүлээд улсын шонхор аваад ирэхэд манай нутгийнхан сайхан хүлээж авсан. Барилддаг хүүхэд бүр улсын наадамд барилдах хүснэ шүү дээ. Манай үеэл дүү Б.Сундуйжав маань багаасаа л барилдах дуртай байсан. Бөхчүүдийг дуурайж дэвдэг бас судалгаа хийнэ. Б.Сундуйжав бөхчүүдийг судалж, түүхийг нь ярьдаг тийм л хүүхэд байсан. Намайг улсын шонхор болоод ирсэний дараа “За бөх болохын тулд бэлтгэлээ сайн хийгээд улсын наадамд очиж улсын шонхор болно” гэж ярьж байв. Манай дүү удалгүй миний араас Б.Гончигдамба багш дээр очоод бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Энэ жил үеэл дүүгээ улсын заан цолонд хүрсэнд баяртай байна. Энэ жил Отгонхайрханы минь тахилга боллоо. Манай нутаг Цэцэнхайрхан гээд олон сайхан хайрхануудтай. Нутгийн минь Цэцэнхайрхан ивээлдээ авсан байх гэж билэгшээж байна. Өөр нутагт очиж барилдахад нутгийнх нь уул ус харж байдаг гэдэг шиг говь нутагт очиж барилдаад аймгийн заан цол боллоо. Мэдээж энэ бол олон жилийн минь хүч хөдөлмөр. Та бүхнийнхээ итгэлийг алдахгүй улам сайн барилдах болно. Нутгийн ард түмнийхээ халуун сэтгэлд талархаж байна.