
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа" Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд төр, засгийн зүгээс үл тоомсорлосон хандлага гаргаж буйтай холбоотойгоор мэдэгдэл хийхээр боллоо. Бид үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр энэ сарын 13-ны өдрийн өглөөний 08:00 цагаас эхлэн орон даяар ажил хаяна. Түүнчлэн, арваннэгдүгээр сарын 12-нд үндэсний хэмжээнд жагсаал цуглаан хийхээр бэлтгэж байна. Улмаар ажил хаялт үр дүнд хүрэхгүй бол эрүүл мэндийн салбарын ажилтнууд нийтээрээ ажлаас гарах өргөдлөө өгөх талаар ярилцаж байгаа" гэлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир" Сүүлийн гурван сарын хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнууд төр засагтай нааштай хэлэлцээр хийхээр хүлээлээ. Улсын төсөв батлахад дөрвөн хоног үлдсэн. Гэтэл төр төмөр нүүрээ эрүүл мэндийн салбарт харуулж байна. Энэ хугацаанд шийдэлд хүрэхгүй бол хүний амь нас, эрүүл мэндэд учрах аливаа эрсдэлийг төр хариуцна гэдгийг мэдэгдье. Өнгөрсөн тав дахь өдөр Ж.Чинбүрэн сайд уулзаж, тодорхой шийдвэр гаргах болов уу гэсэн боловч таван цаг хүлээлгээд ирээгүй. УИХ-ын гишүүд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасан. Гэвч олны өмнө цалин нэмэх ёстой гэж ярьж байсан УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргахад эл асуудлыг унагаах санал гаргалаа. Тухайлбал, нүүрэн дээр дэмжиж байгаа гэж хэлсэн УИХ-ын гишүүд, санал хураахад эсрэг кноп дарж байгаа асуудал байна. Иймд бид сүүлчийн найдвар болгож өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг барина.
Төрөөс төсвийг хязгаартай байдаг гэж ярьж байгаа боловч төсвийн мөнгийг хайр найргүй урсгадаг жишээ цөөнгүй бий. Жишээ нь, барилгын суурь нь ч тавигдаагүй, оршин суугчгүй "Эко товер" Хүннү хотын захирагчийн ажлын алба сард 19.2 саяын түрээс төлж, жилд 163.7 тэрбум төгрөгийн түрээсээр ажиллаж байна. Үүнээс гадна манай улс далайгүй ч "Далайн захиргаа" гэж байгууллага ажиллаж байна. Энэ газарт 30 гаруй хүн ажилладаг бөгөөд сард 30-33 сая төгрөгийн түрээс төлж, жилд 400 орчим сая төгрөгийг түрээсийн зардлыг улсын төсвөөс өгч байгаа. Энэ мэт зөндөө олон жишээ бий. Эдгээр мөнгийг нийтэд нь бодоод үзвэл эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хангалттай нөөц бий" гэв.