
Жил бүрийн 31-нд аймшгийн баярыг тэмдэглэдэг. Энэ өдөр хүмүүс сүнс, шулам, мангас зэрэг аймшгийн дүрд хувирч, гэр орон, гудамжаа хулуу, аалзны тор, хиймэл сүнсээр чимэглэдэг. Хүүхдүүд айл хэсэж “Чихэр өгөхгүй бол тоглоом хийнэ” хэмээн чихэр цуглуулдаг бөгөөд баяр нь айдас, хөгжилтэй уур амьсгалыг хослуулдгаараа онцлогтой. Ийнхүү сүнсний баяраар уншихад тохиромжтой онцлох зургаан номын тухай уншигчдадаа хүргэе.
АРАВДУГААР САРЫН НААДААН
Хавтасны шийдлээс харахад л чухамхүү эл өдөр уншихад зориулагдсан болох нь шууд анзаарагддаг. Мэдээж уг номыг өмнө нь хэд хэдэн удаа уншчихсан байж мэднэ. Гэвч яг энэ өдөр Брэм Стөүкэрийн “Шүүгчийн байшин”, Роберт Блохын “Танд чин үнэнч зандалчин Жэк”, “Бурамтай чихэр”, Стивен Кингийн “Буг”, Рэй Брэдбэригийн “Аравдугаар сарын наадаан” зэргийг сонгож адал, сүнсний ертөнцөөр дахин нэг аялахад гэмгүй.
Нөхрөө алчихаад мушилзаж суух Мэри болоод зандалчин Жэкийн сүүдэр манан нэвтлэн шургасан хүйтэн чулуун гудамжуудаар чимээ бүрийг чагнаж алхахын тулд номын хуудас дээрх жихүүдэс төрүүлэм өгүүлбэр бүрийг нөмөрч, үг болгоныг нь бурамтай чихэр шиг амтархан хүлхэх хэрэгтэй.
РОЗМАРИГИЙН ХҮҮХЭД
“Розмаригийн хүүхэд” бол Левиний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Эл зохиолыг орчин үеийн аймгийн утга зохиолын сонгодог бүтээл. Розмари нөхөртэйгөө Нью-Йоркийн хуучин орон сууцанд нүүж ирснээр бүх зүйл эхэлнэ. Тэр жирэмсэн болсны дараа эргэн тойрных нь хүмүүсийн зан авир, нөхрийнх нь үйлдэл, өөрийн бие дотор болж буй өөрчлөлтүүд улам бүр аймшигтай санагдаж эхэлдэг.
Гэхдээ романы хүч нь чөтгөр, далдын хүчний тухайд бус. Хамгийн аймшигтай нь Розмаригийн итгэж байсан хүмүүс аажмаар түүнд харь санагдах болж буй явдал. Левин ер бусын аймшгийг өдөр тутмын амьдралын энгийн орчинд оруулж ирсэн нь энэ романыг онцгой болгосон. Албан ёсны намтарт нь ч уг романыг орчин үеийн аймшгийн жанрыг тодорхойлсон бүтээлүүдийн нэг хэмээн үнэлсэн байдаг. Чөтгөр чимээгүйхэн хүмүүсийн нийгэмд хөл тавих болно.
ХҮН САНДАЛ
Эдогава Рампогийн зохиол бүтээл нь хуудас бүрдээ айдас түгшүүр, огиудас зэвүүцэл, санаанд оромгүй эргэлтээр дүүрэн. Магад та үүнийг уншаад өөрийн сандлаас огло харайн босох бий вий. Тус түүвэрт "Хүн сандал", "Авгалдай", "Доктор Мэрагийн гэмт хэрэг", "Анар жимс" зэрэг нийт есөн өгүүллэг багтжээ.
Уг өгүүллэгүүд хүний сэтгэл зүй, уран сэтгэмжтэй салшгүй холбоотой. Бүхий л зүйлс яг зүүд шиг… Орчин үеийн бүх урлагийг нэг хэвэнд цутгасан мэт өрөөнд төөрчихөөд гарч чадахгүй байгаа шиг ахуйд уншигчдыг аваачдаг. Тэнд бид хар дарсан зүүдэндээ л үзэж болмоор аймшигт аллага, солиот хүмүүсийн зугаа цэнгэл, зохиолчдын уран сэтгэмжинд төөрөлдөж гүйцээд өөрийнхөө гар хөлийг зүсуж үзмээр санагдах хүртлээ жинхэнэ садомазохист болон хувирч эхэлнэ. Энэ л үед Рампо уншигчаа өнөөх хонгилоос огцомхон хөөгөөд гаргачихна. ЭЯг энэ өдөрт бол “Сэрүүн зүүд”, “Доктор Мэрагийн гэмт хэрэг”, “Зурагтай аялагч”, “Толин там” зэргийг сонгон уншихад тааламжтай байх болов уу.
ГАСЛАН
Орчин үеийн аймшгийн зохиолын нэрт мастер Стивен Кингийн чухал бүтээлүүдийн нэг бол "Гаслан" роман. Зохиолын бие жихүүцүүлэм дүрслэл, намуухан хөврөх өгүүлэмж нь өөрийн эрхгүй агзасхиймээр мөчлөгөөр дүүрэн. Харанхуй өөд хөтлөх тэр л аажим, аажмаар биежиж буй өгүүлэгчийн дуу хоолой эцэстээ аймшигт үйл явдал руу уншигчийг хөтөлнө.
Үйл явдлын хувьд алдартай зохиолч Пол Шелдон өөрийн үнэнч шүтэн бишрэгчтэйгээ учирчээ. Осолд орж, ухаангүй болсон түүнийг Энни Уилкс гэх эмэгтэй олж, гэртээ асарна. Гэтэл номынх нь хайртай дүрийг үхүүлчихсэнд хилэгнэсэн Энни зохиолч эрийг алс бөглүү гэртээ хорьж, гагцхүү өөрт нь л үлдэх ном бичүүлнэ. Түүнд хүслээ гүйцэлдүүлэх олон арга бий. Нэг нь тариур. Нөгөөх нь сүх. Аяыг нь дагахгүй бол тэр юу ч хийж мэднэ.
ДОКТОР ЖЕКИЛ БОЛОН НОЁН ХАЙДЫН ЖИГТЭЙ ЦАДИГ
Англи хэлтний уран зохиолын сонгодог өвүүдийн нэгд тооцогддог, Роберт Стивенсоны "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг" роман бүхэлдээ бие хүний хуваагдмал оршихуйн илэрхийлэл юм.
Зохиолд нэр хүндтэй, эрдэмтэн доктор Жекил нэгэн биед хүний сайн ба муу тал тус тусдаа оршиж болно гэж үзсэнээр туршилт хийдэг. Тэрээр тусгай бэлдмэл хэрэглэснээр өөрийнхөө хар бараан дүр болох ноён Хайдад хувирч чаддаг болно. Гэвч Хайд улам хэрцгий, хяналтгүй болж, Жекил өөрийн бүтээсэн дүрээсээ айж эхэлнэ. Ингэснээр хүний дотоод зөрчил, нуугдмал хүсэл, ёс суртахууны хил хязгаарын тухай аймшигт үйл явдал өрнөдөг. Зохиол нь хүн бүрийн дотор сайн муу хоёр тал зэрэгцэн оршдог бөгөөд тэдгээрийн аль нь давамгайлах нь тухайн хүний сонголтоос хамаардаг гэх санааг хөнддөг.
ХАННИБАЛ
Америкийн зохиолч Томас Харрисын “Ханнибал” роман нь сэтгэл зүйн триллер, гэмт хэргийн аймшгийн төрлийн алдартай бүтээл. Энэ номд суут ухаантан, соёлтой боловч хүн иддэг цуврал алуурчин доктор Ханнибал Лектерийн түүх үргэлжилнэ. “Хургануудын чимээгүй байдал” зохиолын үйл явдлаас долоон жилийн дараа Лектер эрх чөлөөтэй амьдарч, Италийн Флоренц хотод шинэ амьдрал эхлүүлсэн байдаг. Харин Холбооны мөрдөх товчооны ажилтан Кларис Старлинг түүнийг мартаж чадалгүй, дахин мөрдөх хэрэгтэй болно. Үүний зэрэгцээ Лектерийн өмнөх хохирогчдын нэг Мейсон Вержер түүнээс өшөө авахаар төлөвлөж, Кларисыг өгөөш болгон ашиглахыг оролдоно. Ийнхүү гурван хүний хувь заяа, айдас, өшөө авалт, оюун санааны тэмцэл нэг дор огтлолцоно.
Зохиолын гол онцлог нь Ханнибал Лектерийг зүгээр нэг мангас бус, урлаг, хөгжим, хоол, гоо зүйг эрхэмлэдэг ээдрээтэй дүр болгон харуулжээ. Уншигчийг хүний мөн чанар, ёс суртахуун, сайн муугийн заагийн талаар эргэцүүлэхэд хүргэхийн зэрэгцээ хурц өрнөл, түгшүүртэй бараан уур амьсгалаараа татдаг.