
Бүгд Найрамдах Узбекистан улсад өсвөрийн боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Манай улсаас тус тэмцээнд өсвөрийн 14 тамирчин оролцож байгаагаас зургаан тамирчин хүрэл медалийн болзол хангаж цаашлаад мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг авлаа. Тодруулал, хөвгүүдийн 49 кг-ын жинд Т.Кайсар, 50 кг-д Ө.Сүлд, 63 кг-д Б.Баттэмүүлэн, охидын 48 кг-д А.Мөнгөнзул, 50 кг-д З.Аминхайр, 57 кг-д Ч.Дагиймаа нарын тамирчид тивийн аваргын медалийн болзол хангаад байна. Манай боксчид өнөө шөнө мөнгөн медалийн төлөөх тулаануудыг хийнэ.
Манай өсвөрийн боксчид Узбекистаны Ташкент хотод дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн олимп, дэлхийн хошой аварга Баходир Джалоловын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд 10 хоног хамтарсан бэлтгэл сургуулилалт хийж тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна.
Тэмцээний аваргууд энэ сарын 15-ны өдөр тодорно.