
Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн багт шагнал гардуулахаар Ерөнхийлөгч Дональд Трамп, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино нар талбайд гарч ирэхэд зарим үзэгчдийн зүгээс эсэргүүцэн шүгэлдэж байжээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч тоосонгүй бүр Испанийн багийн ялалтын баярт нэгдэхийг оролдсон юм.
Трамп цэнгэлдэх хүрээлэнд Marine One ерөнхийлөгчийн нисдэг тэргээр тоглолт эхлэхээс ойролцоогоор 45 минутын өмнө ирж, Инфантиногийн хамт шилэн хамгаалалттай тусгай VIP хэсгээс тоглолтыг үзсэн байна. Тэдэнтэй Испанийн эзэн хаан VI Фелипе, Канадын Ерөнхий сайд Марк Карни, Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум зэрэг бусад хүндэт зочид мөр зэрэгцэн суусан.
АНУ-ын төрийн дуулал эгшиглэсний дараа Трампыг цэнгэлдэхийн том дэлгэцээр богино хугацаанд харуулсан байна. Энэ үед үзэгчдийн дундаас бага зэрэг эсэргүүцлийн чимээ гарсан ч түүний өмнө нь оролцож байсан зарим спортын арга хэмжээнүүд шиг тийм ч хурц сөрөг уур амьсгал үүсээгүй аж. Гэвч тоглолт дуусаж, Испанийн шигшээд шагнал гардуулахаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, FIFA-гийн ерөнхийлөгч Инфантино нар талбайд орж ирэхэд цэнгэлдэх хүрээлэн даяар эсэргүүцлийн нүргээн дэгдсэн байна. Цагаан ордны сурвалжлагчдын мэдээлснээр, тэднийг гарч ирэхээс өмнө цэнгэлдэх дэх чимээний түвшин ойролцоогоор 78 децибел байсан бол Трампыг талбайд орж ирэхэд 84 децибел болж өсжээ.
Трамп Испанийн багт алтан цомыг гардуулсныхаа дараа шагналын тавцангийн хажууд зогсохыг оролдоход Инфантино түүнийг хажуу тийш нь чангаасаар холдуулав. Өнгөрсөн зун Клубүүдийн ДАШТ-ий үеэр Трамп аварга болсон Челси багт цом гардуулсныхаа дараа мөн адил тоглогчдын баярт оролцохыг оролдож байсан юм.
Трамп дахин сонгогдсоноосоо хойш хэд хэдэн спортын томоохон арга хэмжээнд оролцоод байна. Тэрээр өнгөрсөн жил Super Bowl, US Open теннисний тэмцээн, Daytona 500 болон Райдерын цомын тэмцээнд оролцсон. Энэ жил тэрээр гольфын хэд хэдэн тэмцээн, коллежийн хөлбөмбөгийн үндэсний аваргын тоглолт болон NBA-ийн шигшээ тоглолтын 3 дахь тоглолтыг үзсэн бөгөөд New York Knicks багийн хөгжөөн дэмжигчид мөн түүнийг эсэргүүцэн шүгэлдэж байжээ.