
УИХ-ын гишүүн Б.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Маргаашийн чуулганаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулна. Үүн дээр ИЗНН байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл, "Үндэсний эвсэл" байр сууриа илэрхийлсэн. ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд өчигдөр байр сууриа нэгтгэхээр хуралдсан.
Манай намын гишүүд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг гуравдугаар сард санаачилж, D парламентад байршлуулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Засгийн газар ажлын 30 хоногийн дотор саналыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Өчигдөр энэ хугацаа дуусгавар болсон. Засгийн газар ажлын 30 хоногийн дотор УИХ-ын гишүүний өргөн боловсруулсан хуулийн төсөлд саналаа өгөх ёстой. Гэтэл Засгийн газар ялгамжтай хандаж, УИХ-ын гишүүнийг үл хүндэтгэж байна.
УИХ-ын гишүүнийг хариуцлагатай байх, эргүүлэн татах асуудлыг шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалт байх нь зүйтэй гэж ИЗНН үзэж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөлд ИЗНН санал өгөхдөө дэмжихгүй. Яагаад гэхээр, Цэц болон ёс зүйн асуудлаар гэх мэтээр хэтэрхий өргөн хүрээтэй. Дээрээс нь эргүүлэн татагдсан гишүүний оронд хэнийг оруулах нь зохицуулагдаагүй учраас дэмжихгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан.
УИХ-ын үйл ажиллагаанд Цэц оролцдог байж таарахгүй. Эрх баригч намын дотоод зовлонг шийдэхийн төлөө бид хууль баталж болохгүй" гэв.