Бельгийн Ерөнхий сайд Барт Де Вевер АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноемтэй хамт Антверпен боомт хотод зочлох үеэрээ үндэстэн дамнасан мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэхийг АНУ-д уриалжээ.

Де Вевер Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Карибын тэнгис дэх мансууруулах бодисын наймаатай тэмцэж, Америк даяарх мансууруулах бодисын картелиудыг онилон ажиллаж байгааг сайшаасан байна. 

Тэрээр “Энэ бол бидний хувьд тун сайн мэдээ” хэмээн онцлоод , мансууруулах бодис наймаалагч гэмт этгээдүүд хил хязгаар гэдгийг мэдэхгүй тул Европ, АНУ-ын хооронд хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох ажлыг эрчимжүүлэхийг уриалжээ. 

Европын Холбооны "Мансууруулах бодистой тэмцэх агентлаг"-ийн 2025 оны жилийн тайланд дурдсанаар, Антверпен хотоор Европын бусад аль ч хотуудаас илүү их хэмжээний мансууруулах бодис дамжин өнгөрдөг байна.

2023 онд Антверпен боомт хот түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 116 тонн кокаин хураан авч байв. Гэсэн хэдий ч эрх баригчид хяналт шалгалтыг сайжруулснаар 2024 онд хураан авсан кокаины хэмжээ 50 хувиар буурчээ. 

Хураан авсан кокаины хэмжээг улс орноор авч үзвэл, Бельги улс 123 тонноор хамгийн эхэнд бичигдсэн бол Испани 118 тонн, Нидерланд 59 тонноор удаалжээ. Томоохон боомтуудтой эдгээр гурван улсад нийт хураан авсан мансууруулах бодисны 72 хувь нь ногдож байгаа юм.