
Үндэсний статистикийн хорооноос нийслэл болон орон нутагт худалдаалагдаж буй гол нэрийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног бүр танилцуулдаг билээ.
Энэ сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод өргөн хэрэглээний барааны дундаж үнэ өмнөх долоо хоногоосоо 1.1 хувь, өмнөх сарынхаас 2 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт ажиглагдлаа.
Үнийн өөрчлөлтийг тухайлж харвал, хонины ястай мах килограмм нь 27 342 төгрөг байснаас 27 063 төгрөг болж нэг хувиар, үхрийн цул мах 37 223 төгрөг болж тус тус хямдарсан байна. Мөн үхрийн ястай мах килограмм нь 32 520 төгрөг байснаас 32 230 төгрөг болж 0.9 хувиар буурчээ. Мөн хүнсний ногооны тухайд дотоодын төмс 18.2 хувиар буурч, килограмм нь 3523 төгрөг байснаас 2.883 төгрөг болжээ.
Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоо руу шилжихийн хэрээр нефтийн бүтээгдэхүүний үнийг даган гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байна.