
Унгарын парламент Ерөнхий сайд Петер Мадьяраас гадна Виктор Орбаны засаглалын үед сайдаар ажиллаж байсан хоёр гишүүний халдашгүй эрхийг цуцаллаа. Энэ нь тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг үргэлжлүүлэн шалгах боломжийг олгож байгаа юм.
AP агентлагийн мэдээлснээр, гишүүдийн олонх Мадьяр болон Соёлын сайд асан Балаш Ханко, Үндэсний хөгжлийн сайд асан Миклош Шестак нарын халдашгүй эрхийг цуцлахыг дэмжжээ.
Бусдын өмч хөрөнгөд халдсан хэрэгт буруутгагдаж буй Мадьяр өөрөө нэр хүндээ сэргээж, гүтгэлгийг няцаахын тулд халдашгүй эрхийг нь цуцлахыг гишүүдээс хүссэн байна. Түүнд холбогдох хэрэг нь 2024 оны зургаадугаар сард нэгэн шөнийн клубт болсон явдалтай холбоотой. Тухайн үед Мадьяр өөрийг нь мөшгин нууцаар бичлэг хийж байсан эрэгтэйн гар утсыг хураан авч, Дунай мөрөн рүү шидсэн аж.
Энэ явдал Мадьярын нам парламентын сонгуульд ялалт байгуулж, Виктор Орбан Ерөнхий сайдын суудлаа алдахаас хоёр жилийн өмнө болжээ. Мадьяр өөрийн үйлдлийг үгүйсгээгүй ч уг хэргийг улс төрийн сэдэлтэй хэмээн мэдэгдсэн. Түүний хэлснээр учирсан хохирол нь 300 гаруй ам.доллартай тэнцэх юм. Мөн тэрээр прокурорын байгууллага өөрийнх нь болон Орбаны Засгийн газрын хоёр сайд асны халдашгүй эрхийг зэрэг цуцлуулах хүсэлт гаргасныг шүүмжилжээ. Өмнө нь Орбаны Засгийн газар Мадьярыг Европын парламентын гишүүн байхад халдашгүй эрхийг нь цуцлуулахыг олон удаа шаардаж байсан ч Европын парламент тухай бүр татгалзаж байсан юм.
Халдашгүй эрх нь цуцлагдсан Соёлын сайд асан Балаш Ханког Үндэсний соёлын сангаас 17.3 53.6 сая ам.доллар зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт сэжиглэж байна. Ханко соёлын төслүүдэд зориулсан сангийн хөрөнгийг хуваарилахад улс төрийн ашиг сонирхлоор оролцсон гэж прокурор үзэж байгаа бөгөөд мөнгөний зарим хэсгийг "Фидес" намын сонгуулийн компанит ажилд ашигласан байх магадлалтай аж.
Христийн ардчилсан намын гишүүн, Үндэсний хөгжлийн сайд асан Миклош Шестакыг 2014-2018 онд сайдаар ажиллаж байхдаа хахууль авсан хэрэгт сэжиглэж буй.
Ханко, Шестак нар өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдэж уг хэргийг Мадьярын Засгийн газрын улс төрийн дарамт гэж нэрлэсэн байна.