
Ойрын өдрүүдэд монголчууд халуун усгүй, цахилгаангүй, дээр нь шатахуунгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Наадмын урт амралтыг ашиглан орон нутаг руу аялахаар зорьсон зарим иргэд шатахуунгүй болж, хот руу орж ирж чадалгүй хээр хоноглож байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарлаа. Хотод үлдсэн жолооч нарын нөхцөл байдал ч ялгаагүй хүнд байна. Бензин хайж нэг шатахуун түгээх станцаас нөгөөд дамжин, хэдэн цагаар дараалалд зогсох нь хэвийн үзэгдэл болов.
Харин ердөө найм хоногийн өмнө буюу долоодугаар сарын 23-нд Засгийн газраас "Улсын хэмжээнд АИ-92 автобензин 17 хоног, дизель түлш 23 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна" хэмээн мэдэгдэж байсан юм. Гэтэл 17 хоногийн хүрэлцээтэй гэж мэдээлсэн нөөц яагаад наймхан хоногийн дараа хомсдолд хүрэв гэсэн асуулт олон нийтийг бухимдуулж байна. Сүүлийн хоёр хоногт нийслэлийн шатахуун түгээх станцуудын өмнөх урт дараалал тасарсангүй. Зарим станцад 1-2 километр, заримд нь бүр 3-4 километр үргэлжлэх цуваа үүсжээ. Жолооч нар бүтэн өдөржин бензин хайж, хотын нэг захаас нөгөө зах хүртэл явсан ч хоосон буцах тохиолдол цөөнгүй. Түлш хайсаар өөрийнх нь шатахуун дуусаж, автомашинаа чирүүлэн авч явсан хүмүүс ч байна.
Нийгмээрээ шатахууны оочирт бухимдаж байх зуур Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Солонгос улс руу шатахуун "гуйхаар" яаралтай хүлгийн жолоо залсан юм. Тэрээр БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн яамтай хэлэлцээр хийснийхээ дараа өөрийн цахим хуудаснаа “Энэ удаад Сөүлээс сайн мэдээтэй харих болж байна. Монголын заяа ихээ гэж...” хэмээн бичжээ.
Харин тус мэдэгдэлд иргэд төдийлөн ам сайтай хандсангүй. Хүнд үед хөрш зэргэлдээ болон бусад улсаас шатахуун авч, харилцан туслалцах нь хэвийн үзэгдэл. Харин жил бүр ижил асуудлаар улс орон бүрийн хаалгыг тогшин нөөцөөсөө өгөөч гэж гуйдаг тогтолцоо хэвийн биш.
Уг нь бид өөрсдөө дотооддоо дор хаяж гурван сарынхаа хэрэгцээг хангах агуулах, савыг бүрэн барьчихсан байсан бол өнөөдөр нөөц хомсдолын асуудал ярихгүй, цаашид он дуустал тогтвортой сууж байх бүрэн боломжтой байлаа. Гэтэл ийнхүү асуудал тулгамдахаар л түр зуурын аргацаасан шийдвэр хайж гүйдэг нь манай төрийн түшээдийн арга хэмжээ авдаг цорын ганц гарц нь гэж хэлэхэд хилсдэхгүй биз.
Эцэст нь шатахуун бол аз туршсан наймаа биш, үндэсний аюулгүй байдлын асуудалд орох хэмжээний анхаарах ёстой чухал асуудал.
Өнөөдрийн хомсдол зөвхөн нийлүүлэлтийн асуудал биш. Энэ бол олон жил хуримтлагдсан бодлогын алдаа. Гэвч засаг асуудлын уг үндсийг шийдэхийн оронд гал унтраах байдлаар үр дагавартай нь тэмцсээр байна.
Иймэрхүү байдлаар дотоод нөхцөл байдал хүндхэн байхад удахгүй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор замын ачаалал нэмэгдэх тул наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөж байгаагаа хотын дарга мэдэгдсэн. Ийнхүү иргэд шатахууны хомсдол, дээрээс нь дугаарын хязгаарлалтад орж ирэх сарыг хүндхэн туулах бололтой.
Нээрээ л Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хэлдгээр "Монголын заяа их" юм даа...