
Хүнсний сав баглаа боодолд агуулагдах, төрөлхийн гажиг ба хорт хавдрын эрсдэлтэй холбоотой “мөнхийн химийн бодис”-ыг Английн Засгийн газар шалгахаар болжээ.
Тус шалгалтаар ус, хүнс, байгаль орчинд тархсан, ойролцоогоор 14 000 төрлийн нийлэг химийн бодисын бүлгийн тархалт, нөлөөг эрдэмтэд судлан шалгах аж.
Эдгээрийг пер- ба полифторт алкил нэгдлүүд (PFAS) гэж нэрлэдэг. Тэдгээр нь ахуйн хэрэглээний олон бүтээгдэхүүнд бат бөх, наалддаггүй шинж өгөх зорилгоор ашиглагддаг ч байгальд маш удаан задардаг, бараг задардаггүй шинжтэй.
Сүүлийн үеийн судалгаанууд PFAS-д өртөх нь үржил шим буурах, төрөлхийн гажиг үүсэх, зарим төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэх зэрэг эрүүл мэндийн асуудалтай холбоотой байж болзошгүйг харуулжээ.
Эдгээр химийн бодисыг сав баглаа боодлыг тос, тослог, чийг нэвтрэхгүй болгохын тулд ашигладаг. Засгийн газар хүнсний зарим сав баглаа боодолд PFAS ямар түвшинд илэрч байгааг тогтоох туршилтууд явуулна.
Засгийн газар “PFAS-ын анхны үндэсний төлөвлөгөө”-г танилцуулж, зохицуулалтын суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор бичил долгионы зууханд хийдэг попкорны уут, пиццаны хайрцаг зэрэг хүнсний сав баглаа боодлыг шинжилнэ гэж амлалаа.
PFAS нь мөн хоол хүнс сав, хоол хийх хэрэгсэлд наалдахаас сэргийлэх, хувцсыг ус нэвтрэхгүй болгох, хивсийг толбо тогтохгүй болгох зорилгоор ашиглагддаг бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнд ч агуулагддаг.
Английн Засгийн газар бизнес эрхлэгчид, зохицуулагч байгууллагуудтай хамтран PFAS хаанаас үүсч, хэрхэн тархаж буй талаар, мөн олон нийт болон байгаль орчны эрсдэлийг яаж бууруулах талаар судална гэж мэдэгдэв.
Мөн ариун цэврийн хэрэглэл, ус нэвтрэхгүй хувцас, гутал зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнд илүү аюулгүй хувилбар боловсруулах боломжийг судлах аж.
Төслийн хүрээнд ундны усанд агуулагдах “мөнхийн химийн бодис”-ын дээд хязгаарыг хуульчлан тогтоох саналуудыг ч хэлэлцэж байна.
Саяхан хийсэн судалгаагаар өргөн хэрэглэгддэг PFAS-ын 17 төрлийн ихэнх нь 36 цагийн арьсны шууд хүрэлцээний дараа цусанд нэвтэрч чаддаг болохыг тогтоожээ.
Хорт хавдар үүсгэж болзошгүй бодис гэж нэрлэгддэг PFAS нь өмнө нь Их Британийн хөрс, ундны усны эх үүсвэрээс илэрч байсан бөгөөд судалгаанууд эдгээр бодис хүний цусанд түгээмэл байдаг болохыг харуулсан.
2023 онд хийсэн дэлхийн хэмжээний судалгаагаар Их Британийн иргэдийн цусны ийлдсэн дэх PFAS-ын агууламж дэлхийд хамгийн өндөр түвшинд байжээ.
Шинэ төлөвлөгөөний дагуу энэ оны сүүлээр олон нийтийн зөвлөлдөх уулзалт эхлүүлж, ундны усны нийтийн хангамжийн зохицуулалтад PFAS-ын хууль ёсны дээд хязгаарыг тогтоох санал гаргаснаар ус хангамжийн компаниуд хариуцлага хүлээх боломж бүрдэх юм.
Одоогоор Англи, Уэльст зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн PFAS илэрсэн гэсэн нотолгоо байхгүй байна.
Байгаль орчны сайд Эмма Харди “мөнхийн химийн бодис” нь хүний эрүүл мэнд төдийгүй улсын экосистемд ноцтой аюул учруулж байгааг анхааруулав.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Байгаль орчны аудитын хороо Их Британи даяарх PFAS-ын бохирдол, зохицуулалтын талаар албан ёсны шалгалт эхлүүлсэн.
Их Британи нь гал унтраах хөөсөнд ашиглагддаг зарим PFAS-ыг аль хэдийн хориглосон. Тухайлбал, перфтороктан сульфонатыг 10 гаруй жилийн өмнө, перфтороктан хүчил (PFOA)-ыг энэ оны долоодугаар сараас хориглох шийдвэр гарчээ.
Гэвч Европын Холбоо ойролцоогоор 10 000 төрлийн PFAS-ын үйлдвэрлэл, хэрэглээ, худалдааг бүхэлд нь хязгаарлах цогц санал боловсруулж байгаатай харьцуулахад Их Британи хоцорч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм.