
Хүн ирэх, хүн буцах. Жам гэдэг өөрөө ийм. Харин амьдралд уйлж тэнцсэн нэгэн жамын зөргөөр буцан одохдоо жаварт тэнгэрийн дор торойх ганц чулуу үлдээх бус бүтээл туурвилаараа хатуугаас хатуу бүхний гүнд нэвтэрч уян зөөлнийг, ур ухааныг тэгшитгэн бийрлэсэн нь ховор. Чулуунд нулимс бийг танина гэдэг үүх түүхийг, хүн төрөлхтний цөхөрсөн сэтгэл дэх гашуунаас гашууныг ухаарахтай адил. Үнэн гэдэг өөрөө гашуун байдаг нь мөн л жам билээ.
Их зохиолч Д.Нацагдорж Монголын яруу найргийг сургаалийн болоод магтаалын шинжтэй хэлбэрээс нь салгаж, шинэчлэсэн гавьяатай бол Л.Нямаагийн “Бүтээлийн чуулган” хэмээх хоёр ботиос нэн тэргүүнд дээр өгүүлсэн ухаарал тэмтрэгдэнэ, уншигдана.
ТОР ДҮҮРЭН НОМ
Нэгэнтээ хаврын сэтгэл хөвөлзүүлсэн атлаа тоос шороогоор пургисан их сургуулийн саарал гудамжнаа тэр л зэвэргэн улирлын өнгөнөөс уйтгар мэдэрч суухуй утас цохих дуулдаж билээ. Харилцуурын цаанаас өвгөжөөр хүний намуухан, жаахан сөөнгө гэмээр хоолой дуулдаж, гэрийнхээ хаягийг зааж өгөв. Ингэж Ломбын Нямаа хэмээх эрхэмтэй уулзаж, ярилцах завшаан тохиосон юм. Түүнийг Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийг үүсгэн байгуулагч гэдэг. Олны дундаас онцгойрох авьяастныг олж нээж, цаашдын замыг нь чиглүүлж өгсөн гавьяатай энэ эрхэм голдуу орос хэл дээрх философийн номууд эрийтэл өрсөн номын сангийнхаа өмнө зогсоод “Үнэндээ энэ бүхэн яруу найргаас л эхлэлтэй юм шүү дээ” хэмээж билээ.
Тэрээр “энэ бүхэн” гэх үгэндээ утга, уран зохиолын ертөнц, тэр дундаа урлаг, шашин, хүмүүний амьдралыг хүртэл багтаасан бололтой. Дараа нь “Номд мөнгө үрж байж л сайн зохиолч болдог” гэв. Өөрөө оюутан цагаасаа эхлэн ном цуглуулжээ. Харин бид анх учирч буй тэр л цаг хугацаанд энэ эрхэм ихэнх номоо өөрийн гайгүй гэж бодсон сурагч, шавь нарт барьж, сум, дүүрэг, их сургуулийн номын сангуудад цөөнгүй хандивласан учир өөрийн уран бүтээлд хэрэг болох номуудыг л авч үлджээ. Гэхдээ халуун залуу наснаасаа өдийг хүртэл юу эсийг уншсан гэх вэ. Тэгээд ч Л.Нямаа агсан бол номыг үзэмжээр нь биш агуулгаар нь, сонирхлоороо бус шимтэж, ойлгож, ухаж уншдаг түвшний хүн байв. Мөн болоогүй “Новая книга”-д нэг хэсэгтээ л донтож явжээ. Энэ нь социализмын үеийн номын худалдааны цахим сайт бөгөөд Л.Нямаа гуай уншихыг хүссэн, Монголд гараагүй номуудыг захиалж авдаг байсан байна. Ингэж авсан номууд дотор нь хатуу, зөөлөн хавтастай Владимир Набаковын нэлээд хэдэн роман, шүүмж судлалын лекцүүд бий.
Тэр өөрөө Набаковт шимтэж, түүнийг үнэхээр дээд зиндааны, сонгодог туурвилч гэж тодорхойлно. Намайг гарахад Л.Нямаа гуай зуугийн шар уутаар дүүрэн хоёр тор ном өгөв. Гэхдээ тухайн үед бичсэн хэдэн шүлгийн минь талаар яриагүй. Мэдээж уншсан байж таараад уулзахыг хүссэн, ном бэлэглэсэн хэрэг. Түүн дотор нь бидний үеийнхний огт хараагүй Камюгийн “Хөндлөнгийн хүн” романыг орчуулагч Ц.Цэнгэл “Харь элгийн хүн” нэрээр монголчилсон ховор номууд олон байв. Ингэж хоёр тор дүүрэн, гадаадын голдуу зохиолчдын тэдгээр бүтээлүүдийг нь уншсаар уран зохиолд улам шимтэх болсон санагддаг.

ЗОВЛОН МЭТ УХААЛАГ ЗАМ
Яруу найрагт туйлын онол гэж үгүй. Аливаа мэдрэмж, гүн ухаан, үзэл санааны аль нэг нь давамгайлах эсвээс дутуудахаас үл хамаарна. Сайн яруу найрагт бүгд зохирсон байдаг гэх нь ч бий. Үнэндээ яруу найрагт дээрх бүгдээс гадна “үнэн” гэх ойлголт чухал аж. Л.Нямаагийн яруу найргийн сүүлчийн бүтээл болох “Элегия хязгааргүй” номоос чухамхүү үнэн л уншигдана. Тиймдээ ч хатуу, гашуун. Зарим хүний боддог, ухаардгаас тэс ондоо, урьдын зохиолчдын үлдээсэн гэрээслэлтэй тэрсэлсэн гэмээр шинж чанартай. Тэнд нь,
“Сэтгэлийн өнгийг
зурах гэж
Бийрээ бариад
Дүрэх будаг олдохгүй юм
Их зовлон
Нулимсандаа л дүрэхээс дээ” гэх мөрүүд бий.
Сэтгэл хэчнээн олон өнгөтэй, дүр төрхтэй байдгийг хэн ч мэдэхгүй. Гэвч яруу найргаар илэрхийлж болно. Тиймдээ ч дүрслэлд уран зураг буувч эл шүлгийн цаад чанар нь яруу найргийн тухай л гэж зөрүүдлэмээр санагдана. Бараг зөв ч болов уу. Хүний нулимс гэдэг баяр, зовлонгийн аль ч байлаа гэсэн “хүнд” чанартай. Эгшиж унагасан тийм нулимс л бүгдийн сэтгэлийн үнэнийг, магадгүй дорой буурай, хүч зоригтой гээд алийг нь ч илэрхийлж чадах увдистай мэт. Энд л Л.Нямаагийн яруу найргийн үзэл санаа, амьдралын талаарх бодрол нь усан уянгын шинжтэй, шүлэглэлийн цагаан магтуунаас эрс ялгарна. Түүний яруу найраг дахь үзэл санааны оргил нь шаналал, эмзэглэл, зовлон. Гэхдээ эмзэглэлээ тэр хүний юмсыг таних хамгийн зөв арга, мэдрэмжийн илэрхийлэл гэж үзжээ.
“...Миний зам амьдрал
мэт энгийн, дуу мэт гайхамшиг
Миний зам хүсэл мэт урт, зовлон мэт ухаалаг”
хэмээх мөрүүдийг уншихад улиглан нуршсан, хөөрсөн олон тайлбаргүйгээр энгийн үнэнийг, үзэл санаагаа чадмаг тунхагласан ур чадвар нь илтэд харагдана. Хүсэл шиг тийм урт зам нь зовлон мэт ухаарлаар дүүрэн байж чадсаныг өөрөөр хэрхэн илэрхийлэх билээ. Тэгээд ч цаг хугацааны хоёр үзүүр амилсан мэтээр дуу мэт гайхамшигтай атал үнэхээр л хүн бүрийн туулдаг энгийн амьдрал мэт зам. Энэ замд харин чулуунаас нулимс гаргаж, хүн чулууны бодлыг уншиж, тэрхүү олон зууны түүхийг өөртөө оршоосон цаг хугацаанаас шүлэг олсон нь гагц түүний мэдрэмжтэй холбоотой.
Зовлон мэт ухаалаг замд юм бүхэн царцана. Зовлонгийн мөн чанар тийм шидтэй. Хагацсан, харь холоос хэн нэгнийг хүлээсэн, амьдралын буулганд дөрүүлсэн хүнд цаг хугацаа зогсчихсон мэт санагддаг. Гэвч түүнээс олсон ухаарал л мөнөөх царцсан цаг хугацааны зүүг хөдөлгөх хүчтэй байдаг учраас л Л.Нямаагийн зам “зовлон мэт ухаалаг” аж.
ӨӨР ЕРТӨНЦИЙН ХҮН
Тэр үргэлж өөр ертөнцийн хүн шиг бодогддог. Аливаад тулхтай хэдэн үг хэлчихээд юуг ч юм бясалган бодож, нүдээ анин чимээгүй сууна. Хэн нэгэн татаж, хажууд нь очиж нэрээр нь дуудахгүй л бол мөнөөх бясалгалаасаа мөддөө ирэхгүй. Бид гараг эрхсийн хязгааргүй орчилд дэлхий хэмээн нэрлэж заншсан энэ л бөмбөрцөг дээр амьдрал бийд итгэдэг. Харин түүний яруу найргийн ертөнцөд өөр нэгэн гараг, өөр нэг дэлхий байдаг. Магадгүй уран зохиолд, хүмүүний ухамсар л ийм шинэ ертөнцийг үүтгэж чаддаг биз ээ.
“Миний амьдардаг
ертөнцөд тэнгэрт нь од түгдэггүй
Миний амьдардаг ертөнцөд ганцхан өнгийн, улаан цэцэг ургадаг
Миний амьдардаг ертөнцөд ус нь уруугаа биш өөдөө урсдаг
Миний амьдардаг ертөнцөд шувууд нь мөлхөж явдаг
Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг”
хэмээн тэр ертөнцийнхөө тухай бичиж үлдээжээ. Энэ бол яруу найргийнхаа ертөнцөд бүтээсэн түүний шинэ ертөнц. Тэнд нь улаан цэцэг ургаж, ус нь өөдөө урсдаг. Шувууд мөлхөж, хүмүүс нь үхэж жаргадаг гэх урвуу парадокс зүй тогтлыг нь үүтгэнэ. Тийм л ертөнцийн үүдээр шагайж байж л бид магадгүй хүн байх чанарыг олж, өөрсдийнхөө үнэн төрхийг тольдож, бага ч атугай зовлон мэт ухаалаг замаар алхах эр зоригийг олж авдаг байж мэдэх юм. Тэр энэхүү ертөнцөө төсөөллийн олон арван дүрслэлээр дүүргэж болох байлаа. Гэвч үнэн чанартаа аливааг яаж дүрслэн буулгаснаар бус харин хэрхэн өгүүлсэн нь уран зохиолд чухал. Сэтгэлгээ гэдэг ямагт шинийг эрэлхийлдэг хүний өмч байдаг. Тиймдээ ч тэнд өөр ертөнцийн тухай, эсвээс бидний амьдралын үнэн чанарыг тусгал болгож хувиргасан газарт л сайн бүтээл төрөх боломжтойг Л.Нямаа агсан эртнээс таньсан олз нь энэ шүлэг болов уу гэж доторлоном.
ХОРОМ
Түүний энэ онд тохиож буй наян насны ойд зориулан, шавь нарынх нь нэг болох яруу найрагч, нийтлэлч Г.Сонинбаяр “Бүтээлийн чуулган” хэмээх хоёр боть номыг нь эрхлэн хэвлүүлжээ. Уг номд нь Монголын уран зохиолыг түүчээлэгч эрдэмтэд, зохиолч, яруу найрагч, судлаачидтай хийсэн ярилцлага, нийтлэл, дурсамжууд нь бий. Анх тэрээр ярилцлагын номоо бүтээхдээ “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” гэж гарчигласан.
Л.Нямаагийн хувьд уран үгийн инжаанууд, ном зохиолыг нь уншиж өссөн тэдгээр эрхмүүдтэйгээ уулзах агшин нь зүйрлэшгүй үнэ цэнтэй, тэд л зүрх сэтгэлд нь тод “одод” байв. Ер нь утга, уран зохиолын хувьд өдгөө орчуулгын эсвээс хувь хүний хөгжил, хэрхэн баян болох зэрэгт нийт уншигчид төвлөрөх болсон цагт түүний эдгээр ярилцлага, дурсамжууд онхи өөрийг өгүүлнэ. Түүнээс гадна хором гэдэг бүхэл бүтэн амьдралын цаг хугацаатай тэнцэхүйц ч байж болох. Учир нь цаг хугацаа гэгч бидний л тодотгодог ирээдүй, одоо цаг, өнгөрсөн гурваар хэмжигдэхгүй. Тиймдээ ч Л.Нямаагийн уран бүтээл, хийсэн ярилцлагууд, тэдгээртэй холбогдох дурсамж, гүн ухааны өгүүллэгүүдээс ч тэр хором хэмээх үнэ цэнтэй агшнаар тодорхойлсон урт удаан цагийн саалтыг давах мөр бадаг, өгүүлэмжүүд тэмтрэгддэг.
Нэгэнтээ тэр энэ бүхнийгээ амьдралын дурсамж, харин дурсамж нь хойчист үлдээсэн зүрхний бичээс хэмээн тэмдэглэснээ үзүүлж билээ. Уран бүтээлийнхээ мөн чанарыг амьд явахуйн шалтгаантайгаа үүрд холбосон Л.Нямаа багштан “Би хаа нэг газраас шидсэн чулуу шиг, бөмбөрцгийн хамгийн том зай эхийн хэвлийд ирсэн юм” гэжээ. Тэр чулууны эмзэглэлээс төрсөн үнэн мөр бадгууд, хүний дуулах хоёрын аль аль нь угтаа мөн чанарын хувьд ав адилхан гэгээтэй.