
Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ирэх таван жилийн үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Таван жилийн үндсэн чиглэлийг аравдугаар сарын 31-нд өргөн барихаар байгаа. Найман үндсэн чиглэлтэй бөгөөд хөрөнгө оруулалтын хөтөлбөр хавсралтаар дагалддаг. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг гээгдүүлж ирснийг цаашид ач холбогдолтойгоор анхааран хэрэгжүүлнэ. Монгол Улсын таван жилийн чиглэл буюу үүнд тулгуурласан хөрөнгө оруулалтын төслүүдийг улсын төсөвт суулгана. Цаашид бид хэрэгжүүлэх төслүүдээ дөрвөн бүлэг 15 оноогоор үнэлдэг тогтолцоо руу шилжиж, явахгүй, урагшлахгүй байгаа төслүүдийг эрэмбэлдэг болно. 14 мега төслийг дөрвөн шатлалаар эрэмбэлсэн. Эдийн засагчид, судалгааны багтай хамтран эрэмбэлж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд нийт 140 төслийг шинээр эрэмбэлж, ирэх жилийн улсын төлөвлөгөөнд цэгцлээд оруулж ирнэ гэсэн үг.
Аймаг орон нутагт төслүүд нь бие дааж хөгжих боломжийг олгож байгаагаараа онцлог. Жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ямар нэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй, ач холбогдлоор нь заавал авч үзнэ.
Салбар болгоны хөгжлийн таван жилийн төлөвлөөг хэлэлцэж, бүх нийтийн оролцоог хангаж 40 төсвийн захирагчийн ирэх таван жилийн чигийг харсан төлөвлөгөө гаргана гэсэн үг.
Индикаторуудыг тавьж чаддаггүй байсныг илүү ойлгомжтой болгож, томоохон хөтөлбөр, төслүүдийг үнэлж, салбар салбарт индикаторуудыг зөв тавина гэсэн үг. Боловсролын салбарт гэхэд л Боловсролын яам ямар зорилт тавьснаас хамаарч түүндээ хүрч байна уу гэдэг индикаторуудыг ажилуулна.
Индекс урагшлуулахад тавигддаг индикаторуудыг ажиллуулах нь олон улсын аргачлалыг нэвтрүүлж, илүү эдийн засгийн загварчлалд нийцүүлнэ гэж харж болно. Зөв төсөвлөдөг, эргээд хянадаг буюу ирэх жилээс төсөв илүү ухаалаг болж эхэлнэ гэсэн үг. Цаг хугацаа нь тодорхой, бодитой гэсэн аргыг барьж ажиллана.
Үүний дагуу Төсвийн бодлогыг өргөн барихдаа орлого зарлагыг нэгэн зэрэг бууруулсан нь хувийн хэвшлийг ажиллах орон зайг бий болгосон. Эдийн засаг өсөж байх үед хуримтлал үүсгэж чадаагүй байдал нь төсвийн сахилга батыг алдагдуулж ирсэн. Тодорхой гадны хөрөнгө оруулалт, зээлийг нэгэнт авсан бол шинэ ажлын байрыг бий болгож байгааг дэмжинэ.
Татварын багц хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хууль зэрэг хэдэн хэдэн хуулийг өргөн барьж хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Эдийн Засгийн эрх чөлөөний хуулиар хувийн хэвшлийн ажиллах нөхцлийг хяхаж хавчсан ямар ч шийдвэр гаргахыг хориглоно.
Эдийн засаг агшиж байгаа үед төсвөө тэлэх тал дээр ажиллана. Хувийн хэвшлүүдийг дэмжихийн тулд бүх талаар бодлого боловсруулна. Гааль дээр гэхэд л гаалийн ахлах байцаагч дээр байсан 55 эрх мэдлийг буулгаж, цахимжуулснаар гааль дээрх хүнд суртал буурч байна. Экспортын ажлын хэсгийн хүрээнд авч хэлэлцүүлэх ажлуудыг авч хэрэгжүүлсээр байгаа. Цаашид экспортыг нэмэгдүүлэх тал дээр илүү ажиллана" гэлээ.