
Телевизийн академи болон Amazon-ийн Prime Video платформ мягмар гарагт зургаан жилийн хугацаатай гэрээ байгуулснаа зарлалаа. Ингэснээр тус стриминг үйлчилгээ нь Эммигийн шагнал гардуулах ёслолыг дэлхий даяар албан ёсоор дамжуулах цорын ганц платформ болж байгаа аж.
Эммигийн шагнал гардуулах ёслолыг АНУ-ын уламжлалт телевизийн сувгуудаар ээлжлэн дамжуулдаг байсан тогтолцоо ийнхүү дуусгавар болж байна.
Энэхүү гэрээ 2027 оны ёслолоос хэрэгжиж эхэлнэ. Энэ жил зохион байгуулагдах ёслолоор ABC, CBS, Fox болон NBC сувгуудаар ээлжлэн дамжуулдаг байсан уламжлалт “Wheel Deal” хуваарь дуусах юм.
Үзэгчдийн хэрэглээ дижитал платформ руу шилжихийн хэрээр уламжлалт телевизийн сүлжээнүүд стриминг үйлчилгээнүүдийн өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнтэй тулгарах болсон. Стриминг платформууд томоохон шууд нэвтрүүлэг болон шагнал гардуулах ёслолуудыг дамжуулах нь ихэссэн.
Жил бүр зохион байгуулдаг Академийн шагнал буюу Оскарын ёслолыг 2029 оноос ABC телевизээс YouTube платформ руу шилжүүлж, дэлхий даяар шууд дамжуулахаар болсноо зохион байгуулагчид өнгөрсөн онд мэдэгдсэн.
Эммигийн шагнал гардуулах ёслол есдүгээр сард өмнөхийн адил шууд дамжуулагдах боловч дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдэд үнэ төлбөргүй хүрнэ. Amazon-ийн мэдээлснээр, үзэгчид Prime Video-ийн захиалга авах шаардлагагүй гэнэ.
Prime Video-ийн хувьд энэхүү гэрээ нь анхны кино, телевизийн бүтээлүүд, спорт болон бусад стримингийн түншлэлээр үйлчилгээгээ өргөжүүлж үедээ өндөр нэр хүндтэй шууд дамжуулалтын бас нэгэн томоохон контентыг нэмсэн хэрэг боллоо.
1949 онд анх зохион байгуулагдсан Эммигийн шагнал нь телевизийн жүжиглэлт, продакшн, зохиол бичлэг зэрэг олон салбарын амжилтыг үнэлэн олгодог. Тус шагнал нь уламжлалт байдлаар АНУ-ын телевизийн салбарын томоохон сурталчилгаа, соёлын арга хэмжээний нэг байсаар ирсэн юм.