
Найруулагч Сэр Кристофер Ноланы ээлжит бүтээл болох "The Odyssey"-г шүүмжлэгчид дуу нэгтэйгээр өндөр үнэлж, "кино урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн" хэмээн тодорхойллоо.
Оскарын шагналт "Оппенхеймер" (2023) киноноос хойш туурвисан түүний бүтээл баасан гарагт Их Британи тэргүүтэй дэлхийн олон орны кино театруудаар албан ёсоор гарч эхлэх юм.
Эртний Грекийн домог болох хаан Одиссэйг Трояны дайны дараа гэртээ харихаар аялах замд нь тулгарч буй аюул саадын тухай өгүүлэх тус кино нь 250 сая ам.долларын өртөгтэй. Бүхэлд нь IMAX форматаар зураг авалтыг нь киноны гол дүрд Мэтт Дэймон, Зендая, Том Холланд, Роберт Паттинсон, Энн Хэтэуэй, Шарлиз Терон, Лупита Нионго нарын Холливудын одод хамтран тоглосон байна.
The Telegraph: "Энэ бол яах аргагүй оны шилдэг кино. Зүрх савлуулам, ер бусын, кино урлагийн хил хязгаарыг давсан гайхалтай бүтээл" хэмээн тодорхойлж, 5 од өгчээ.
Metro: Кино урлагийн хөгжлийг шинэ шатанд гаргасан түүхэн эргэлтийн цэг боллоо
The Standard: Кристофер Ноланы өмнөх бүтээл болох 'Оппенхеймер'-ээс хавьгүй илүү сэтгэл хөдөлгөм, агуу том бүтээл болжээ.
Шүүмжлэгчид гол дүрийн жүжигчин Мэтт Дэймоныг өөрийн карьер дахь хамгийн гүн гүнзгий бөгөөд хүнд дүрийг маш гарамгай бүтээсэн гэж үнэлсэн байна. Түүнчлэн Одиссэйн хүү Телемахын дүрийг бүтээсэн Том Холландыг жүжигчний хувьд асар их өсөж, төлөвшсөнийг харуулсан хэмээн онцолжээ.
Ийнхүү олонх шүүмжлэгчид ам сайтай байгаа ч зарим нэг дутагдалтай талыг дурджээ. Тухайлбал, Кристофер Ноланы бусад кинонуудын адил дууны найруулгаас шалтгаалан зарим хэсэгт жүжигчдийн харилцан яриаг сонсоход хүндрэлтэй байсныг хэд хэдэн шүүмжлэгч дурджээ. Мөн эртний сэдэвтэй кинонд орчин үеийн хэллэг ашигласан нь хааяа зохимжгүй санагдсан, зарим талаараа Одиссэй хааны уг шинж чанар болох бардам зан, хүсэл тачаалыг арай зөөлрүүлж харуулсан зэрэг шүүмжийг дагууллаа.