Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны цаг агаарын ойрын тав хоногийн урьдчилсан мэдээллийг гаргажээ. Тус мэдээллээр, өнөөдөр Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно.

Энэ сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 28-нд баруун, төвийн аймгуудын зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс секундэд 5-10 метр, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах аж.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6, өдөртөө 15-20, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17, өдөртөө 28-33, бусад нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 

Энэ сарын 28-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүсэхийг анхаарууллаа.