
2026 оны долоодугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, зүүн хажуугийн Улз, Хангай нурууны арын Чулуут, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Халх, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давжээ.
Өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх магадлал өндөр. Иймд гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхаарууллаа.