
Дани улс биет шууданг халсан Европ тивийн төдийгүй дэлхийн анхны улс боллоо. Данийн төрийн мэдлийн үндэсний шуудангийн компани болох PostNord өчигдөр сүүлчийн захидлаа шуудангаар хүргэжээ.
Данийн захидал дамжуулах шуудангийн 400 гаруй жилийн түүхтэй үйлчилгээ ийнхүү дуусгавар болж байна. Тус улс дижитал эрин үетэй золгосноо албан ёсоор тунхаглаж байна.
Ойрын жилүүдэд биет шуудан дамжуулах үйлчилгээ огцом буурснаас шалтгаалж эрх баригчид уг шийдвэрийг гаргажээ. Дани улсын хэмжээнд өнгөрөгч 2024 онд шуудангийн үйлчилгээ 2000 оны үеэс 90 хувиар буурсан байна. Энэ нь WhatsApp зэрэг зурвас бичиж, дуудлага хийдэг цахим платформууд хэрэглээнд түлхүү орж ирсэнтэй холбоотой юм. Технологийн хөгжлийг дагаж захидал дамжуулах арга барил ч мөн цахимжин өөрчлөгдсөн билээ.
PostNord компани энэ жилийн зургаадугаар сараас хойш улс даяар тараан байршуулсан 1,500 орчим шуудангийн хайрцгийг буулгасан байна. Эдгээр хайрцгуудыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн худалджээ. Олсон мөнгөө сайн үйлсийн хандивын аянд зарцуулахаар болсон байна. Шуудангийн хайрцгуудыг тус бүр 1,500-2,000 дани крон буюу 250-315 ам.доллараар заржээ.