Хүний эрхийн Үндэсний Комиссынхон өчигдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Д.Даваадалай болон холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
Уулзалтаар:
- Түлшний нийлүүлэлт ба хүртээмж,
- Иргэд угаартаж амь нас эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх, угаар мэдрэгчийн хэрэглээ,
- Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн асуудал,
- цахилгаан дугуй, скүүтер болон ижил төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээтэй холбоотой “Хамтдаа аюулгүй зорчъё” аяны хүрээнд хамтран ажиллах зэрэг сэдвээр санал солилцлоо.

ХЭҮК-оос гэр хороололд түлш нийлүүлж байгаа цэгүүд дээр очиж ажилласан бөгөөд энэ үеэр түлш нийлүүлэлт хомсдолтой байгаа талаар иргэд ярьж байсан юм. Иргэдийн хувьд дулаан байх нь хүний суурь хэрэгцээний нэг тул яагаад түлш хомсдолтой байгааг лавлахад, сүүлийн өдрүүдэд бензиний хомсдолоос үүдэн түгээлтийн автомашинууд өдөрт хоёр удаа түгээлт хийдэг байснаа нэг удаа болгож, холын дүүргүүдэд түлш тасалдах асуудал гарсан гэлээ. Өмнөх жил 700-800 түлш борлуулах цэг ажиллаж байсан бол энэ жил 400 орчим болгон цөөлж, орчны бохирдол үүсгэж байсан цэгүүдийн байршлыг өөрчилсөн байна.
УГААРЫН ХИЙН УЛМААС ИРГЭД АМИА АЛДАЖ БУЙ НЬ ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ НОЦТОЙ ЗӨРЧИЛ
ХЭҮК-оос Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд очиж ажилласан. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд 176 мянган айлд угаар мэдрэгч тараахаас одоогоор 45 мянган айлд хүрээгүй байгаа талаар мэдээлж байв. Тиймээс 45 мянган өрхийн аюулгүй байдлыг хангахын тулд угаар мэдрэгчийг хэзээ түгээх талаар лавлахад, Нийслэлийн удирдлагуудын зүгээс “Угаар мэдрэгчийг худалдан авах ажиллагаа үргэлжилж, энэ оны арванхоёрдугаар сар гэхэд бүх айлд хүргэх төлөвлөгөөтэй байна” гэж мэдээллээ.
Комиссын зүгээс угаар мэдрэгч ажилласан тохиолдолд иргэд агаар сэлгэлт хийж, дохиоллын дууг зогсоохгүй байх талаарх сурталчилгаа, мэдээллийг өргөн хүрээнд хүргэх шаардлагатай байгааг онцоллоо.
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлттэй холбоотой иргэдийн гомдол сүүлийн нэг сарын хугацаанд Комисст хэд хэдэн удаа ирсэн. Хүний эрхийн Үндэсний комисс иргэдээс ирсэн гомдлыг шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн холбогдох байгууллагын мэдээлснээр, Сүхбаатар дүүргийн VI хорооны 26 дугаар байранд нийт 57 иргэнээс 53 иргэнтэй газар чөлөөлөх гэрээ байгуулсан бөгөөд гуравтай нь тохиролцож чадаагүй, нэг иргэн эсэргүүцэж байгаа нь бусад иргэдийн эрхэд нөлөөлж буй талаар онцлов.
Дээрх асуудлуудад Хүний эрхийн Үндэсний Комисс анхаарч, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор төрийн холбогдох байгууллагуудын үүрэг гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ.

