Их Британийн сүлжээ Поп Март дэлгүүрийн салбаруудад зургаадугаар сар хүртэл Лабубу тоглоомын худалдааг түр зогсоожээ. Гэвч энэ нь Лабубу тоглоомыг худалдаж авах хүсэлтэй худалдан авагч, үйлчлүүлэгчдийн бухимдалтай тулгарч эхэллээ

Лабубу бол Хонконгод төрсөн уран бүтээлч Касин Луны бүтээсэн этгээд мангасын дүртэй чихмэл тоглоом юм. Энэ тоглоомыг цүнхний зүүлт болгож бүх насны хүмүүс хэрэглэх болсон.

Рианна, Дуа Липа зэрэг дэлхийн хэмжээний одууд Лабубуг зүүж, улмаар ТикТок-д трэнд болсон тоглоом юм. Гэтэл тоглоомыг худалдаж авахыг хүссэн худалдан авагчдын тоо хэт ихэссэн учраас нийлүүлэлт нь хэрэгцээгээ хангаж чадахааргүй болжээ. Улмаар худалдан авагчид зөвхөн энэ тоглоомыг худалдаж авахын тулд хоорондоо маргах, цохилцох зэргээр балмад үйлдэл гаргах болсон байна.

Тиймээс аюулгүй байдлыг хамгаалахын тулд Их Британийн Поп Март дэлгүүр 16 салбартаа уг тоглоомыг түр хугацаанд зарахгүй байх шийдвэр гаргажээ.

Лабубугийн фенүүдийн нэг Викториа Калверт Лондоны Стратфорд дэлгүүрт Лабубугаас болж хүмүүс маргаж, хоорондоо зодолдож байгааг харснаа гэрчлэн ярьжээ.

Их Британийн дэлгүүрүүдэд энэ тоглоом дунджаар 14-50 фунт стерлингээр зарагдаж байна. eBay, Vinted зэрэг худалдааны сайтуудад зарим тусгай загвар, цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн нь хэдэн зуун фунтын үнэ хүрчээ.

Поп Март тоглоомуудыг лангуунаас хурааж авсны дараа цахим сүлжээнд худалдан авагчид бухимдлаа илэрхийлсэн. Худалдан авагчид хангалттай нөөцгүй бүтээгдэхүүн борлуулсан нь дэлгүүрийн буруу гэж үзжээ. Мөн зарим хүмүүс дэлгүүрээс Лабубу тоглоомыг хямд үнээр авч, цаашаа дамлан зарж байгаа тохиолдол гарч байгааг ч анхааруулжээ.

Тэр ч бүү хэл Лабубу тоглоом авахыг хүссэн хүмүүс шөнийн цагаар ч дэлгүүрийн гадна урт дараалал үүсгэн хүлээж зогсох болсон байна. Тэвчээр нь алдагдсан худалдан авагчид хоорондоо маргах, зодолдох тохиолдол нийтлэг байжээ. Энэ үеэр дэлгүүрийн ажилтнууд бэртэж гэмтсэн байна.