
Шри Ланкагийн гол олон улсын нисэх буудал болох Bandaranaike International Airport дээр 110 кг хар тамхи нуусан 22 буддын ламыг баривчилсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Сэжигтнүүдийг Негомбо хотын шүүхийн шийдвэрээр тавдугаар сарын 2 хүртэл цагдан хорьсон бөгөөд энэ нь тус нисэх буудлын түүхэн дэх хамгийн том хэмжээний хар тамхи тээвэрлэлтийг илрүүлсэн ажиллагаа болсон гэж албаныхан мэдэгдэв.
Тэднийг өнгөрсөн бямба гарагт Катунаяаке дахь нисэх буудалд саатуулсан юм. Албаныхны мэдээлснээр, энэ нь “куш” хэмээх ургамлын гаралтай хүчтэй каннабис төрлийн бодисын хамгийн том тээвэрлэлтийг илрүүлсэн ажиллагаа аж.
Цагдаа, гаалийнхан уг бүлэг 4-р сарын 25-ны орой 22:10 цагийн орчим Бангкок хотоос ирсэн гэж мэдэгдсэн байна. Мөрдөн шалгах явцад лам нар 4-р сарын 22-нд Бангкок руу зорчихдоо ивээн тэтгэгчийн “зохион байгуулсан” гэж сэжиглэж буй онгоцны тийз ашигласан нь тогтоогджээ.
Нийт 110 кг гаруй “куш” болон кашишийг хуурамч ёроол, ханатай тусгай бэлтгэсэн чемоданд нуусан байсан бөгөөд чемодануудыг сургуулийн хэрэгсэл болон амттанаар дүүргэсэн байжээ.
Шри Ланкагийн гаалийн төлөөлөгчийн хэлснээр лам тус бүр ойролцоогоор 5 кг хар тамхи тээвэрлэж явсан байна. Хураагдсан мансууруулах бодисын хар зах зээлийн үнэлгээ 2.5 сая фунт стерлингээс давна.
Мөн сэжигтнүүд гадаадад байхдаа энгийн хувцастай явж байсан бөгөөд сэжигтэй үйл ажиллагаанд оролцсон гэж үзэж байгааг албаныхан дурджээ.
Баригдсан хүмүүсийн ихэнх нь Шри Ланка даяарх сүм хийд, шашны байгууллагад харьяалагддаг, залуу лам нар байгаа юм. Тус улсын буддын шашны тэргүүлэх байгууллагуудын ахмад лам нар хамтарсан мэдэгдэл гаргаж, буруутгагдаж буй хүмүүсийг “хуурамч лам” гэж нэрлэн, шашны хувцсыг гэмт хэрэгт ашигласан явдлыг буруушаажээ. Тэд бүрэн мөрдөн шалгах, шашны байгууллагуудад илүү хатуу хяналт тавих, “шар хувцсыг буруугаар ашигласан” хүмүүст арга хэмжээ авахыг уриалсан байна.
Цагдаагийн байгууллага хар тамхи хаанаас гаралтай, хэн санхүүжүүлсэн, өргөн сүлжээтэй холбоотой эсэхийг тогтоохоор мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж байна.
Шри Ланкад өмнө нь ч Бангкок чиглэлтэй холбоотой томоохон хар тамхины хэргүүд илэрч байсан. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард 21 настай британи эмэгтэй Бангкокоос Коломбо руу зорчиж байхдаа 46 кг мансууруулах бодистой баригдаж байжээ. Мөн сүүлийн жилүүдэд загас агнуурын жижиг завиар героин болон бусад хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн олон хэрэг бүртгэгдсэн байна.